logo
Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават Монголд

Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават Монголд

2013/04/24
Тайландын Вант Улсын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинават Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар энэ  сарын 27-оос 29-ний өдрүүдэд  Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ын нээлтийн ажиллагаанд Хүндэт зочноор оролцоно.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд, хатагтай Ч.Йинглак Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга нарт тус тус бараалхаж, Ерөнхий сайдтай хоёр талын хэлэлцээ хийнэ. Энэхүү айлчлал нь Тайландын Вант Улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийх анхны айлчлал бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

ТАЙЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД ХАТАГТАЙ ЙИНГЛАК ЧИНАВАТЫН ТОВЧ  НАМТАР


Ерөнхий сайд Йинглак Чинават нь 1967 оны 21-нд Тайландын Чанг Май хотын Сан Кампаенг хэмээх газар төрсөн. 46 настай, гэр бүлтэй. 1988 онд Чанг Майн Их сургуулийн улс төрийн ухааны ангийг төгссөн, 1990 онд АНУ-ын Кентакки мужийн Их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. Тэрээр, 2011 онд Тайландын Вант Улсын Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө дараах алба ажлыг эрхэлж байв. Үүнд:

2006-2011 онд - Өмч хөрөнгө, барилгын салбарт Тайландад тэргүүлэх 10 компанийн тоонд багтдаг “ЭсСи Эссет Корпорейшн” компаний даргаар ажиллаж байсан бөгөөд компаний соёл, менежмент, үйлчилгээ, технологийн шинэчлэл, фрэнчайз тогтолцоо зэрэг чиглэлээр туршлага хуримтлуулсан.

1999-2006 онд - “Эдванст инфо Сервис” компанид Ерөнхийлөгч /2002/, Гүйцэтгэх тэргүүн дэд ерөнхийлөгч /2001/, үйлчилгээний үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч /1999/

1995-1999 онд - “Чинават Дайректориз” компанид үйлдвэрлэл хариуцсан дэд ерөнхийлөгч /1997/, үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер /1995/

1994 онд - “Рейнбоу Медиа” компанид ерөнхий менежер

1993 онд - “Чинават Дайректориз” компанид үйлдвэрлэл хариуцсан захирал

Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш