logo
Испанийн гүнжид тулгасан авлигын хэргийг шүүхээс хойшлуулжээ

Испанийн гүнжид тулгасан авлигын хэргийг шүүхээс хойшлуулжээ

2013/05/22
Испани Улсын Хаан Juan Carlos-ийн охиныг төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байсан ч гүнж Cristina-гийн талаар хангалттай нотолгоо бүрдээгүй хэмээн үзэж Испанийн шүүх уг хэргийг хойшлуулсан байна. “Хангалттай нотолгоо бүрдсэн үед шүүх уг хэргийг хэлэлцэх боломжтой” гэж тус улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Өнгөрсөн сар 47 настай гүнж Cristina-г гэмт хэрэгт буруутгасан нь 1970-аад онд Carlos хаан ширээнд сууснаас хойш дээдсийн гэр бүлийн гишүүд гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол болж байгаа аж.
Испани Улс нь 27 хувийн ажилгүйдлийн түвшин болон урт хугацааны эдийн засгийн бууралттайгаа тэмцэж байгаа энэ үед баячууд болон эрх мэдэлтнүүдийн дунд гарч буй авлигын хэргийн тоо өсч байгаа, тэр дундаа дээдсийн гэр бүлийн гишүүдээс авлигын хэрэгт холбогдсон зэрэг нь тус улсын ард түмний бухимдлыг төрүүлээд байна.
Сөрөг хүчин “United Left” намын парламентын гишүүн Ricardo Sixto хэлэхдээ хэрвээ энэ хэрэг жирийн иргэнийх байсан бол түүнийг буруутган шүүхэд дуудах байсан юм гэжээ.
Mallorca хотын шүүх 2012 оны эхэн үеэс түүний нөхөр Inaki Urdangarin-ийг сайн үйлсийн санг тэргүүлж байхдаа төсвийн хөрөнгөөс 6 сая евро шамшигдуулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхлэсэн бөгөөд 2013 оны 4 дүгээр сараас уг хэрэгт холбогдуулан гүнж Cristina-г албан ёсоор сэжигтнээр нэрлэсэн юм.
Гүнж Cristina 4 дүгээр сарын 27-нд шүүхэд мэдүүлэг өгөх ёстой байсан ч уг хэргийн эсрэг прокурорууд давж заалдсаны дараагаар Mallorca хотын Дээд шүүхээс мэдүүлгийг хойшлуулаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш