Дэлхий нийтээр байгальд халгүй технологийг дэмжих болсноор энэ чиглэлийн технологиудыг зохион бүтээсээр байна. Манай улс байгальд халгүй технологийг Байгаль орчны сайдын 2007 оны 09-р сарын 13-ны 272 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчинд халгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эко-тэмдэг хэрэглэх эрх олгох журам”-ын дагуу дэмждэг. Одоогоор “Юнигаз” компанийн хийн түлш, “Цахилгаан тээвэр” компанийн Добус дээрх журмын шалгуурт тэнцэж “Эко тэмдэг”-ийн эзэн болжээ. Хэрхэн “Эко тэмдэг” хэрэглэх эрх авах талаар хүргэе.
“Эко тэмдэг” хэрэглэх эрх авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаархи үндэсний стандартын шаардлагыг хангасан байдал, Үйлдвэрлэл, үйлчилгээний дамжлага /цаашид амьдралын мөчлөг гэх/ бүрт байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа эсэх материалаа бүрдүүлэн хүсэлтээ БОНХЯ-д хүргүүлнэ. Гэхдээ “Эко тэмдэг” хэрэглэх эрх авахыг хүссэн өргөдөлд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний нарийвчилсан тодорхойлолт, танилцуулга, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гарал үүслийн гэрчилгээ, Олон улсын болон Монгол Улсын стандартад нийцсэн тухай Стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Амьдралын мөчлөгийн үнэлгээний дүгнэлт, тодорхойлолт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнйи дүнгийн тодорхойлолт, гэрчилгээ зэрэг бичиг баримтыг хавсаргасан байна. Яамнаас томилогдсон ажлын хэсэг саналыг ажлын 14 хоногт багтаан хянан дүгнэлт гаргадаг. Ажлын хэсэг Стандартчилал хэлжилзүйн газрын амьдралын мөчлөгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн “эко-тэмдэг” олгох эсэх тухай саналыг БОНХ-ийн сайдад оруулдаг аж. Тэгэхээр шийдвэрийг сайд гаргадаг байна.
“Эко-тэмдэг” хэрэглэх эрхийг гурав хүртэл жилийн хугацаатай олгодог. Харин иргэн, аж ахуй нэгж байгууллага нь “Эко-тэмдэг” хэрэглэх эрх эдлэх хугацаанд байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх дэглэмээ зөрчвөл хугацааг дахин сунгахаас татгалздаг байна.