Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарын 15 хүнд холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэж, хорих ялыг тус тус хэвээр үлдээн эцэслэн шийдвэрлэлээ.
Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн банкны дүрмийн санг бүрдүүлэх болон өсгөн нэмэгдүүлэхдээ “Анод” банкны дүрмийн санд 1999-2008 он хүртэлх хугацаанд нэр бүхий 13 хувь нийлүүлэгчдээс нийт 30 тэрбум 941 сая төгрөг оруулсан талаарх баримтыг хуурамчаар бүрдүүлжээ. Мөн гадаадын банк дахь ностро дансны авлагыг “Анод” банкны нягтлан бодох бүртгэлд 58 тэрбум 612 сая төгрөгийн хий авлага үүсгэж, илүү тусгах замаар банкны тайлан тэнцлийг нэмэгдүүлэн хохирол учруулсан байна. Банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулах явцдаа нэр бүхий хоёр иргэний хадгаламжийн мөнгийг банкны нягтлан бодох бүртгэлд хадгаламж хэлбэрээр зохих журмын дагуу бүртгүүлээгүйн улмаас гурван тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ.
Түүнчлэн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн нар нь урьдчилан үгсэн тохиролцож 28 иргэн, хуулийн этгээдэд нийт 40 тэрбум 552 сая төгрөгийн зээлийг хууль, журам зөрчин олгуулсан аж. Хамгийн ноцтой нь эдгээр толгой санхүүчид банкны үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2008 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд алдагдалтай ажиллаж байсан байхад ашигтай гэж Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнан, нийт 18 619 171 ширхэг хувьцаа нэг бүрийг 1080 төгрөгөөр арилжаалж, нийт 20.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд
8 564 541 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, нэр бүхий 1248 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт есөн тэрбум 249 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Ийнхүү банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, шунахай буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдээр нийтдээ 112.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогджээ.
Үүнээс гадна Э.Гүр-Аранз нь 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгийн есдүгээр тойрогт бие даан нэр дэвших үедээ Л.Уламбаяртай бүлэглэж “Тус аймгийн сум бүрт Анод банкны Иргэдийн банкны газрын харъяа Тооцооны төв нээхтэй холбогдуулан судалгаа хийх ажлын баг”-ийн зардал нэрээр банкнаас бэлнээр 880 гаруй сая төгрөг, 26 ширхэг караокены төхөөрөмжийн үнэ 76 сая гаруй, нийт 956 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирлыг “Анод” банкинд учруулсан байна.
Түүнчлэн Н.Даваа нь Л.Уламбаяртай бүлэглэн 2008 оны гуравдугаар сарын 03-ны өдөр “Анод” банкны урьдчилгаа данснаас 20 сая, 2008 оны зургадугаар сарын 24-ний өдөр 100 сая төгрөгийг зориулалтын бусаар гаргуулан авч ашиглан, эргүүлэн төлөлгүй хувьдаа завшсан нь тогтоогдов.
"Анод"-ын удирдлагуудын хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцээд Э.Гүр-Аранзад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял оногдуулснаас 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар гурван жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон юм. Харин шүүгдэгч Н.Даваа, Н.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 156.3 дахь хэсэгт зааснаар нийт хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулснаас мөн гурван жилийг хасч гурван жилийн ял оноосон. Ж.Гантулгад ЭХЕА-ийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 зүйлд зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2.1 жилийн хорих ялаар шийтгэснийг тэд “шударга бус шийдвэр” гаргасан гэж үзэж Нийслэлийн шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.