logo
Ник Канон: Хүмүүсийн төсөөлдөг шиг алтадсан суултуур бидэнд байхгүй

Ник Канон: Хүмүүсийн төсөөлдөг шиг алтадсан суултуур бидэнд байхгүй

2011/08/24

“Авьяаслаг америкчууд” шоуны хөтлөгч Ник Канон өөрөө ч багагүй авьяаслаг нэгэн. Тэрбээр хошин шог болон хөгжмийн ертөнц гээд салбар бүрт хүч сорьж, өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүтээж яваа. 

-Нэг бус салбарт хүчин зүтгэж, дуучин, жүжигчин, продюссер гээд олон төрлийн алба хашдаг ч саяхан түүнд хамгийн хүндтэй үүрэг ногдож, Монро болон Морокко гэх ихрүүдтэй болсон. Тиймээс нэвтрүүлгийн маань студид хувийн амьдрал болон гэргий Мэрайя Кэри, ихрүүдийнхээ тухай ярихаар ирээд байна. Юуны өмнө үрийн зулай үнэрлэсэнд тань баяр хүргэе. 

-Баярлалаа. Бас намайг нэвтрүүлэгтээ урьсанд тань талархаж байна.

-Та бага зэрэг ядрангуй харагдаж байна. Нойр багатай байгаа юм уу?

-Угаас надад унтах зав бараг л гардаггүй юм. Гэхдээ одоо амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Би яг л хүүхэд асрагч шиг болчихсон.

-Гэхдээ энэ өөрчлөлт танд баяр баясгалан авчирч байгаа биз дээ? 

-Тэгэлгүй яах вэ.

-Та живх солихдоо хэр сайн бэ? 

-Дажгүй шүү. Би бүр жаахан байхаасаа л дүү нараа асардаг байсан болохоор энэ тал дээр харьцангуй туршлагатай гэж хэлж болно.

-Аав болох танд таалагдаж байна уу? 

-Би бүр инээмсэглэхээ ч больж чадахгүй болтлоо баярлаж байна. Өөдөөс бяцхан хоёр нүд ширтэх нь ямар гайхамшигтай сайхан гээч.

-Би хүүхдүүдэд чинь бэлэг бэлдсэн. Та спортын хорхойтон байх аа? 

-Тийм ээ.

-Тиймээс ихрүүдийн нэрийг бичсэн энэ өмсгөлийг бэлдсэн юм. Английн Арсенал багийн өмсгөл. 

-Та нэг юм мэдэх үү. Би хөлбөмбөгийн тухай кинонд тоглодоо Арсенал багийн тоглогч болж, талбайд Дэвид Бэкхэмтэй хамт тоглож байсан юм шүү дээ.

-Надад үзэсгэлэнт гэргийнхээ тухай яриач. Та анхнаасаа л “Тун удахгүй түүний дэргэд сэрдэг болно” гэж боддог байв уу? 

-Өдөр бүр тэгж боддог байсан. Тэр бол миний мөрөөдлийн бүсгүй.

-Гэхдээ та хоёрын хайр дурлалыг хүлээн зөвшөөрдөггүй хүн олон байдаг. 

-Тэр ч тийм шүү.

-Та хоёрын хамт явааг би их олон удаа харсан. Хэн ч харсан та хоёрыг аз жаргалтай, бие биедээ хайртай сайхан хос гэх байх. Одоо үрийн зулай үнэрлэж нэг гэр бүл боллоо. Та хоёрын тухай ташаа ойлголттой байсан хүмүүст хандаж хэлэх үг бий юү? 

-Бид хоёр хэзээ ч бусдын яриа, хов живийг асуудал болгон ярилцаж байгаагүй. Бусдын хов цуу үгнээс бус бидний хичээл зүтгэл, нэгнээ хэр ойлгож, дэмжиж байгаагаас аз жаргал ирэх эсэх нь хамаарна гэж би боддог. Тиймээс хүмүүсийн хандлагыг төдийлэн ойшоож байгаагүй. Ямартай ч бидний энэ харилцаа энэ хэвээр хэдэн арван жил үргэлжилнэ гэдгийг л хэлмээр байна.

Магадгүй бидний хэт түргэн шийдвэр гаргаж, гэрлэлтээ батлуулсан нь хүмүүсийн энэ сөрөг хандлага бий болоход хүргэсэн байх.

-Та яагаад тийм итгэлтэйгээр шийдвэр гаргасан юм бэ? 

-Яагаад гэвэл амьдралаа холбох бүсгүй маань Мэрайя байсан болохоор тэр. Би түүнийг хайрласаар ирсэн. Би бүр жаахан байхаасаа л түүний үнэнч шүтэн бишрэгч байв. Тиймээс танилцсан өдрөө л түүнтэй гэрлэнэ гэж шийдсэн. Учир нь тэр дэндүү энгийн хүн. Яг л над шиг. Тиймээс танилцсан даруйдаа л өнгөрүүлсэн амьдралынхаа туршид хайж байсан бүсгүй минь яг мөн гэж бодсон.

-Харин тэр өөрийгөө таны мөрөөдлийн бүсгүй гэдгийг мэддэг болов уу? 

-Танилцсанаас хагас цагийн дараа л мэдсэн байх. Би энэ тухай өөрөө хэлчихсэн юм. (инээв)

Гэхдээ биднийг дотносож эхлэх үед хүндэтгэл, шүтэн бишрэх сэтгэл биш хайр дурлал хөтөлж байсан. Эхний хэдэн долоо хоног бид хоёр биендээ тэмүүлж, үргэлж л хамт байхыг, ярилцахыг хүсдэг байв. Яг л хайр дурлалын тухай үлгэр шиг.

-Мэрайягийн хувьд алдар нэр, эд хөрөнгө гээд бүх зүйл байгаа тул түүний ертөнцөд боломжгүй зүйл гэж үгүй. Энэ нь таны ажилд ч бас нөлөөлсөн байх. 

-Эхнэр маань тэрбумтан хэдий ч бидэнд эд хөрөнгийн энэ ялгаа төдийлэн нөлөөлдөггүй. Эд хөрөнгийг эс тооцвол бид жирийн л хүмүүс. Тэр ч бас халаасандаа хэдхэн доллартайгаар л амьдралд хөл тавьсан. Тиймээс бидний амьдрал тун энгийн. Хүмүүсийн төсөөлдөг шиг алтадсан суултуур бидэнд байхгүй. Тэр ч байтугай угаалгын онгоцонд хэвтэж, оргилуун дарс хувааж уудаггүй.

Мэдээж түүнтэй дотноссоноос хойш амьдралд өөрчлөлт гарсан. Хувийн амьдралыг минь олон нийт илүү их сонирхдог болсныг үгүйсгэх аргагүй. Угаасаа би тун нээлттэй хүн учир энэ байдалд дасахад тийм ч хэцүү байгаагүй. Түүний нэр хүнд, эд хөрөнгөнөөс болоод өөрчлөгдсөн зүйл бол зөвхөн энэ юм шүү.

-Танай гэрт хэн нь илүү эрх мэдэлтэй вэ? 

-Мэдээж би. (инээв) Харин одоо бол ихрүүд илүү эрх дархтай болсон. Гэхдээ би өрх толгойлох, гэр бүлдээ цаг зав гаргах, халамжтай сайн нөхөр байхад суралцаж л байна. Мэдээж миний мэдлэг, туршлага дутсан зүйлд Мэрайя шийдвэр гаргана. Тиймээс манайхыг 50-50 хувийн эрх мэдэлтэй, ардчилсан гэр бүл гэж хэлж болно.

-Мэрайя таныг анх хараад юу гэж бодсон бол? 

-Бид биенээ хөгжилтэй гэж л дүгнэсэн байсан. Одоо ч бид хамтдаа байхдаа хөгжилтэй байж, амьдралыг байгаагаар нь хайрлахыг хичээдэг.

-Тэр гадаад үзэмж, хоолой гээд бүх зүйл нь төгс төгөлдөр болохоос нааш тайзан дээр гардаггүй нэгэн. 

-Тэр тун хөдөлмөрч бүсгүй. Учир нь тэр бүхнийг төгс байлгахыг хүсдэг. Бусдын бухимдлыг төрүүлдэг ч энэ нь надад таалагддаг шүү.

-Учир нь та ч бас ажлын хэнээтэй байх. 

-Тийм ээ.

-Таны ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ? 

-Ажил маань их эрт эхэлдэг л дээ. Ихэвчлэн шөнийн 01.30 цагт радио нэвтрүүлгээ хөтлөхөөс эхэлдэг.

-Энэ нэтрүүлэг тань дөрвөн цаг үргэлжилдэг байх аа? 

-Тийм ээ.

-01.30 цагт нэвтрүүлгээ цацахын тулд хэдэд босдог вэ? 

-01.00 цагт. Тэгээд радиогийн студидээ 07.30 цаг хүртэл ажиллана. Дараа нь биеийн тамирын танхим руу явдаг. Эсвэл хүүхдүүддээ асарна. Дараа нь телевизийн ажилдаа ордог. “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлгийн ажил үд дунд эхэлдэг юм. Харин орой нь студид эсвэл хэвлэлийнхэнд ярилцлага өгөх цаг гаргана.

-Тэгээд хэдийд унтдаг юм бэ? 

-Би унтдаггүй юм аа.

-Бүр цурам хийдэггүй гэж үү? 

-Ойролцоогоор хоёр цаг унтдаг. Бас шууд нэвтрүүлгүүдийн завсар нэг цаг орчим амрах зав гардаг юм. Өдөрт дөрвөөс илүү цаг унтдаггүй. Ер нь шөнө бол хамгийн удаандаа л хоёр цаг унтаж амардаг. 16 настай байхдаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж, өөрийгөө дайчлахын тулд нойроо хассанаас хойш ийм байдалтай болсон. Шоу бизнесийн ертөнцөд нойроо хасан зүтгэж байж л амжилтад хүрдэг.

О.Ундармаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш