logo
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анхаарах болно гэлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анхаарах болно гэлээ

2011/08/26
Ардын засгийн анхны жил байгуулагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Төрийн онцгой чиг үүрэг гүйцэтгэж хэрэгжүүлж ирсэн тус байгууллага энэ хугацаанд шүүхээс гарсан бүхий л шийдвэрийн биелэлтийг ханган гүйцэтгэдэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж өргөжсөн билээ. Тус салбарын үе үеийн ахмадууд, албан хаагчид оролцсон ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, нийт бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ирсэн, цаашид ч анхаарч ажиллах болно гэж тэмдэглэлээ.
Аливаа ой гэдэг бол зөвхөн баярлаж бахдах, дурсамж дурдатгал хүүрнэх биш ирээдүйн зорилго чиглэлдээ онцгой анхаарахын нэг том илэрхийлэл болдог гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд 90 жилийнхээ ололт амжилтыг бататгаж, алдаа оноогоо дүгнэж алс хэтийн бодлого зорилтоо тодорхой болгохыг хүслээ.
Мөн төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хариуцлагатай, нэр хүнтэй бөгөөд хүнд хэцүү зорилтыг ханган биелүүлэх үйлсэд нь амжилт ерөөгөөд энэ салбарын нийт албан хаагчдын урам зориг, хичээл зүтгэл, үүрэг хариуцлагыг үнэлж, дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш