logo
Төрийн өндөр албан тушаалтанууд дархан хилээр оргосон оргодолуудаас их хэмжээний бэлэг авчээ /Цуврал-2/

Төрийн өндөр албан тушаалтанууд дархан хилээр оргосон оргодолуудаас их хэмжээний бэлэг авчээ /Цуврал-2/

2013/08/09
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт танаа:
“Монгол улсын дархан хилээр гэмт этгээдүүдийг оргуулдаг хар бизнесийг таслан зогсоож дархан хилээ дархлах цаг болжээ.”
Төрийн өндөр албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол, бусдаас их хэмжээний бэлэг авсан бол үүнийг авилгал гэж үзнэ. Шүүхээс оргон зайлсан, этгээдүүдээс их хэмжээний бэлэг авсан  баримт олджээ.

-Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан-

/Цуврал-2/
Гадаадаас л ирсэн бол муурын зулзагыг ч гэсэн лут том амьтан, бүхнийг мэдэгч, чадагч хэмээн долоох шахам долдойдох нь монголчуудын минь нэгэн төрлийн өвчин гэлтэй. Хэдэн жилийн өмнө манайхаас мөнгө угаагаад оргон зайлсан А.Е.Новожилов гэгч орос эр, Швейцарь улсын иргэн В.И.Армин хоёрын өдүүлсэн хэргийн зах зухаас бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Прокуророос А.Е.Новожиловын хэргийг дахин сэргээж мөрдөн шалгаж буй. Харин түүний хамтрагч буюу Транс банкны хувь нийлүүлэгч асан В.И.Армины асуудлыг хэрхэх нь одоогоор тодорхой бус байна.

В.И.Армин Транс банкны 51 хувийг эзэмшиж байжээ. Гэвч тэр банкнаасаа их хэмжээний мөнгө хуссан хэрэг нь илэрч бантахдаа нутаг руугаа оргож алга болсон аж. Ингэхдээ “Оюуны ундраа” компанид “Инфрастракчер” компаниа худалдсан гэх боловч энэ нь хууль бус байв. Манай шат шатны шүүхээс хууль бус гэдгийг тогтоожээ. Банкны тухай болон компанийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн учраас тэр шүү дээ. Ухаандаа, наад зах нь шинээр хувьцаа эзэмшигч бий болсон үед Монгол банкинд мэдэгдэх ёстой байж. Урьд нь аль нэг компанийг бусдад зарахад “халаасанд” нь байсан банк давхар зарагдаж, хувь нийлүүлэгчид төдийгүй харилцагчид, хадгаламж эзэмшигчид цугаараа хохирдог байлаа. Тэгвэл В.И.Армин тийнхүү “Оюуны ундраа”-д компаниа зарсан гэх луйврын иймэрхүү схемийг Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр таслан зогсоохоор зохицуулчихаад байсан аж. В.И.Армин, “Оюуны ундраа”-гийн том босс С.Отгонбаяр нарын наймаа ийнхүү бүтэхгүй болмогц тэд “бэлэглэл”-ийн гэрээгээр “Инфрастракчер” компанийнх нь далбаан дор Транс банкны 51 хувийг “Оюуны ундраа”-д үлдээх гэж оролджээ.

Оргодол В.И.Армины сүүлчийн гэрээ буюу бэлэглэл

В.И.Арминыг манай хууль хяналтынхан цагдан саатуулж шалгах ёстой байлаа. Гэтэл тэр Швейцариас буцаж Монголд нэг удаа ирээд удалгүй хил даван зугтаажээ. Тухайн үед Транс банкны хувь нийлүүлэгч Д.Энхтайван, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч К.Зейнеш нар 2011 оны 4 дүгээр сарын 21-нд нийслэлийн прокурорт илгээсэн албан бичигтээ “В.И.Армин хувьцаагаа “Оюуны ундраа”-д худалдахдаа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол энэ талаар Монгол банкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна” гэж заасны дагуу зөвшөөрөл авсан эсэхийг тодруулах. Үнэн хэрэгтээ Монгол банкинд огт мэдэгдээгүй, тийм ч учраас Монгол банк “Оюуны ундраа”-г тус банкны хөрөнгө оруулагчаар бүртгэхээс хоёр удаа татгалзсан болно. Банкны хувьцаагаа 4.0 тэрбум төгрөгөөр худалдсан гэх асуудлын цаана бохир мөнгөний ихээхэн хэмжээний луйвар яваа гэж үзэх сэжиг байгаа юм” гэжээ. Мөн В.И.Армины өөр олон ноцтой үйлдлийн сэжиг ажгийн тухай өгүүлсэн байв. Чингэлтэй дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Арбитрын байгууллагаас тэрхүү 4.0 тэрбум төгрөг төлсөн баримтыг нь ч шаардаад авч чадаагүй юмсанж. В.И.Армин татвар төлөөгүй учраас баримтаа ил гаргахаас зайлсхийж, “Оюуны ундраа” компанийг хамгаалан хаацайлахыг оролджээ. Ийм тодорхой юманд харамсалтай нь Нийслэлийн прокуророос 2011 оны дөрөвдүгээр сарын 22-нд ирүүлсэн хууль цаазын зөвлөх Г.Мижиддоржийн гарын үсэг бүхий хариу бичигт “Армин Виедеркер Иоханыг шалгуулах тухай хүсэлттэй танилцаад хангахаар шийдвэрлэснийг мэдэгдье” гэсэн боловч хэн нь ч хөдөлсөнгүй. Прокуророос хилийн шалган нэвтрүүлэгч, цагдаад үүрэг чиглэл өгсөн л байж таарна. Эсвэл прокурорууд нь өөрсдөө хууран мэхлэлт хийв үү. В.И.Армин оргосныг гурав хоногийн дараа л цагдаа нар нь мэдсэн гэж үү. Иймэрхүү олон асуулт одоо болтол хариу хүлээсээр.
В.И.Арминыг ийнхүү оргуулсан нь тун сонин үзэгдэл болоод байгаа юм. Сицилийн мафиуд ид хүчээ авч байсан өнгөрсөн зуунд ийм тохиолдол гарч байсан юм уу. Ховор байхаа. Хэрвээ В.Арминыг Буянт-Ухаагийн нисэх буудалд юм уу, Монголын нутагт хаа яваа газарт нь саатуулах үүргийг хилчид, хилийн шалган нэвтрүүлэгчид, цагдаа нарт өгсөөр байтал биелүүлээгүй бол өнөөдөр тэдэнтэй, тэдний удирдлагатай ял хэлцэхээс аргагүй. В.И.Армины гэмт үйлдлүүдийн бас нэг гайхалтай нь оргох үедээ “Оюуны ундраа”-тай өөрийн компани, банкны хувь эзэмшлээ бэлэглэх гэрээ байгуулсан явдал юм. Энэхүү гэрээ нь хууль бус гэдгийг хуулийнхан дахиад л тогтоогоод өгчээ.

Шүүгчид чухам хэнд, ямар ашиг сонирхлоор үйлчлэв

Транс банкны 49 хувийг эзэмшигчид В.И.Армины удаа дараагийн тэдгээр хууль бус үйлдлийг бүх шатны шүүхээр нотлуулжээ. Ухаандаа, энэ этгээд банкны 51 хувийн эзэмшлийг өөрийн хувийн компани болох “Инфрастракчер”-ийн эрхийг худалдах замаар “Оюуны ундраа”-д шилжүүлэх юм уу, эсвэл бэлэглэлийн гэрээгээр, ямар ч үнэ төлбөргүй өгөх боломжгүй байв. Иймээс шүүхийн шийдвэрийн дагуу Транс банкны хувь нийлүүлэгчид Швейцарь луу оргон зайлсан В.И.Арминыг Монголд урьж ирүүлэн болж өнгөрсөн явдлуудыг ярилцаж, дүрмийн сангаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт зэргээ шийдэх гэтэл цаадах нь ирсэнгүй. Удаа дараагийн урилга, мэдэгдлийг нь хүлээж авсан атлаа Монгол руу зүглэхийг огт хүсэхгүй байгаа түүнийг ямар хүлээгээд л суугаад байлтай биш дээ. Хууль журмаар бол тэгэх ёсгүй юм билээ. Ингээд түүнийг байхгүй хойгуур бусад хувь нийлүүлэгчид нь 17 удаа хуралдаж дүрмийн сангаа өсгөн, 75 хувийг нь авчээ. Одоо тэд хэвийн хэмжээнд ажиллах боломжтой болов.

Шүүхийн шийдвэр эцсийнх. Шүүхээс дээгүүр эрх мэдэл гэж үгүй. Гэтэл сайн юманд садаа мундахгүй гэгчээр дахиад гацаа үүссэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, “Оюуны ундраа” компанид В.И.Армины компани ямар ч хамааралгүйг батлан, шинэчилсэн бүртгэл хийхээр болжээ. Гэвч сүүлдээ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх дээр тулж очсон Транс банкийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Дамдиндорж тавлах аятай “…Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичих боломжгүй” гэв. Дахиад л шүүхийн сунжирсан маргаан, хайран цаг хугацаа…

Гэхдээ аз болоход Д.Дамдиндоржийн тэрхүү мугуйдлал хуулиас ялимгүй давсан үйлдэл байж. Ерөнхий шүүгч Ц.Цогт дараа нь түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад холбогдох хуулиа баримталж ажиллахыг шаарджээ. Хууль үл мэдэгч шүүгч гэж уг нь баймааргүй. Гэтэл Д.Дамдиндорж шүүгч юу бодож, хэнийг хаацайлж тийнхүү “гэдийсэн” юм бол доо.

Саяхан Захиргааны хэргийн шүүх хурлаар Транс банкныхан дээрх асуудлуудаа шийдүүлэх гэтэл шүүгч Эрдэнэчимэг хөгийн араншин гаргав. Яасан гэхээр, тэр шүүхийн хавтаст хэргийн материалаас нэлээд хэдэн хуудас баримтыг сугалж аваад сейфэндээ хийчихсэн байжээ. Энэ бол шүүгч хүнд байж боломгүй, ёс зүйгүй, бүр эрүүгийн гэмээр үйлдэл болжээ. Ер нь эдгээр шүүгчид хэнд үйлчлээд байгаа хэрэг вэ. Ямар ашиг сонирхол тэднийг ийм булай юм руу түлхэв. Оргох замдаа бэлэглэлийн гэрээ хийсэн В.И.Армин уу, эсвэл түүнээс бэлэг авсан гэж сайрхаад, сүүлдээ хамраараа газар шурган “унасан”

Оюуны ундраа”-гийн ашиг сонирхол уу?


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт танаа:
“Монгол улсын дархан хилээр гэмт этгээдүүдийг оргуулдаг хар бизнесийг таслан зогсоож дархан хилээ дархлах цаг болжээ.”
Төрийн өндөр албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол, бусдаас их хэмжээний бэлэг авсан бол үүнийг авилгал гэж үзнэ. Шүүхээс оргон зайлсан, этгээдүүдээс их хэмжээний бэлэг авсан баримт олджээ.

 

 

С.Амарсайханы ах С.Отгонбаяр                                           С.Отгонбаярын дүү С.Амарсайхан

              -АН-ын даргын зөвлөх                                                        -НИТХ-ын тэргүүлэгч

              -ЭХЗХ-ын дарга                                                                    -МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн

Б.Отгонбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш