logo
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион: Орцонд бид жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг байсан

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион: Орцонд бид жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг байсан

2011/09/05
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионтой ярилцлаа.  Сэтгүүлч мэргэжилтэй энэ эрхмийг урлагийн, тэр дундаа рок поп ертөнцийн хүндтэй төлөөлөгч гэж мэдэхээс биш нийгмийг эрүүлжүүлэхээр үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж явсан тэрс үзэлтэн гэдгийг нь тэр бүр мэдэхгүй. Рок сонсдог, 60 нас шахаж яваа, тэгээд бас үеийнхнээсээ тэс өөрөөр сэтгэдэг Б.Долгионы үзэл бодол, төлөвшил, өөрчлөлтийг та энэ ярилцлагаас сонирхоорой.

Нас ахих тусам сонсдог хөгжим “хатуураад” байна
-Уран бүтээлч хүнээс ажлыг нь асуухгүй бол алдас болно шүү дээ. Та сүүлийн үед ямар ажил амжуулж явна вэ?

-Би продюсерийн ажлынхаа дагуу “One way” хамтлагийн цомгийг гаргахаар ажиллаж байна. “Coke’n beat” наадмын шилдэг дөрөвт багтсан авьяаслаг залуус. Мөн “UB night” хамтлагийн цомгийн бичлэг үргэлжилж байна. Ер нь продюсер хүн нэг хамтлагтай дагнан ажиллах албагүй. Дэлхийд ч ийм жишигтэй. Продюсерийн төв буюу манайхан продакшн гээд нэрлээд байгаа юм. Тиймдээ ч С.Баярын санаачилсан үндэсний хөгжмөөр “Битлз”-ийн дууг тоглуулах саналыг хүлээн авч “Жонон” хамтлагтай ажиллаж байна. Бичлэгийн ажил дуусаад мастеринг, миксинг үргэлжилж байна, удахгүй хэвлэлтэд шилжүүлнэ. Хамгийн гол нь хүн төрөлхтөн тэр аяараа “Битлз”- ийг мэднэ. Тэгэхээр мэддэг дууг нь үндэсний хөгжмийн зэмсгээрээ тогловол Монголыг сурталчилсан сайхан ажил болно.

-Та амьд хөгжмөөр дагнан ажиллаад байгаа юм байна шүү дээ.

-Би багаасаа л рок хөгжимд дуртай байсан. “Битлз” бол рок поп урлагийн бүх салаа мөчрийн үндсийг тавьсан хамтлаг. Тэднээс хойш маш олон урсгал, чиглэл, хэв маяг гарч ирсэн. Нэг хэсэг фонограмм бий болоод рок хөгжимчид бичлэг хөөцөлдсөн. Харин одоо тэр эринийг давж туулаад эргээд амьд болж байна. Монголд ч ижил. Ийм амьд тоглолтоос тухайн уран бүтээлчийн ур чадвар харагддаг. Поп хөгжим бол түгээмэл, нийтийн чанартай урсгал. Тиймээс л би роктоо үнэнч. Нас ахих тусам хүний сонсох хөгжим зөөлөрдөг байхад минийх хатуураад байгаа юм. Монголд рок хөгжим хөгжих ёстой. Манай залуус авьяастай байна. Үүний зэрэгцээ рок хөгжим бол залуу хүний бодол, санаа сэтгэлийн илэрхийлэл юм.

-Тэгвэл хөгжмийн төрлөөс таашаадаггүй урсгал гэж танд бий юү?

-Хүн болгон өөрийн гэсэн хөгжмийн мэдрэмж, сонирхолтой. Би хялбар төсөр бүтээгдсэн нийтийн дуу гэх мэт төрлийг таашаадаггүй.

-Электро хөгжим сонирхдог уу?

-Ер нь роктой ойр гэдэг утгаар нь сонирхоно. Монголд яг л “Битлз” маягаар рок, поп урлаг зэрэг хөгжсөн. Үндэслэгч нь “Соёл эрдэнэ”, “Инээмсэглэл”, “Харанга” хамтлаг. Энэ салаа мөчрөөс диско буюу клубийн хөгжим бий болж электро хаус урсгал салбарласан. Үүнийг би тэвчиж чадна шүү. Аливаа зүйлд тэвчээртэй хандаж чаддаг байх нь зөв. Ор тас үгүйсгэх бус тэвчих хэрэгтэй. Би хүүхдүүдээ тийм л хүмүүс болгож хүмүүжүүлэхийг хичээдэг. Үүний тулд урлагийн өндөр мэдлэгтэй байх ёстой.

БИДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАР НЬ ОРЦ БАЙЛАА

-Та урлагт бүх сэтгэлээ зориулчихсан хэрнээ яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Гавьяат жүжигчин Галсанбат бид хоёр орос сургуулийн нэг ангийн сурагчид. Бидний идэр залуу үе “Битлз”-ийн мандан бадралтай давхацсан. Галсанбат төрсөн ахынхаа нөлөөгөөр биднээс түрүүлж гитар сурсан юм. Нэг өдөр найз маань гитарчин болно гээд сургуулиасаа гарлаа. Тухайн үед Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдаж, удирдаачаар нь хөгжмийн зохиолч Энхбазар ах ажиллаж байсан юм. Энхбазар ах бол манай 40 мянгатад трапец жийнс өмс өж, хар нүдний шил зүүсэн анхны хүн. Галсанбат тэнд гитарчин болж, би найзыгаа дагаж сар гаруй хичээлээ таслаад аавдаа баригдсан. Аав минь “Хүн өөр мэргэжлээр ажиллаад, дуртай зүйлээ зэрэг хийгээд явж болно шүү дээ” гэж ятгасан. Тэр үед оросын “Журналист” гэж алдартай кино гарснаар би сэтгүүлч хүн бүх юмыг мэддэг юм байна гэсэн ойлголттой болж энэ мэргэжлийг сонгосон. Гэхдээ хөгжимд дурласан хүн эндээс хэзээ ч холддоггүй. МОНЦАМЭ-гийн сэтгүүлч болчихоод “Инээмсэглэл”- ийн хэдтэйгээ уулзаж, сайн дурын уран сайханчдын хамтлаг хэрхэн уран бүтээлээ ажилтайгаа хослуулаад амжилтад хүрч болдгийг харуулсан. Рок бол сонгодог урлаг шиг баригдмал биш учраас зөвхөн гитараа бариад дайраад байх хэрэггүй. Тэгээд ч Монголын рок хөгжмийн үндэс нь хотын орцонд бий болсон юм. Underground буюу хонгилын хөгжим гэж ярьдаг даа. Урлагийн гайхамшгийг би анх орцонд л мэдэрсэн.

-Ямар төрлөөр бичдэг сэтгүүлч байв?

-Орос хэлээр бичдэг байлаа. Амьдралын төөргөөр би Москвад нэгдүгээр ангид орж байсан болохоор орос хэл бол миний унаган хэл. Үүнээс болж адлагдаж ч явсан. Гэхдээ МОНЦАМЭ бол агуу хамт олон. Гадаад сурталчилгааг олон хэлээр дагнан хийдэг байгууллага. Би Монголынхоо сайн сайхны тухай орос хэлээр магтан дуулдаг байлаа. 1942 онд “Новости Монголии” сонин байгуулагдахад хянагчаар ажилд орж ерөнхий эрхлэгч хүртэл нь ажилласан. Алдаа гаргавал “алуулдаг” байсан үе шүү дээ. Тиймээс би сонины ажлын бүх нарийн нандиныг нь мэдэрч, туулсан сэтгүүлч бөгөөд хөгжимчин хүн.

-“Битлз” сонсдог, эрх чөлөөг эрхэмлэгч залуу социалист нийгмийн сайн сайхныг магтана гэхээр зөрчилтэй санагдаж байна.

-Маш их зөрчилдөнө. “Битлз” хүн төрөлхтний оюун санаанд хувьсгал хийсэн хамтлаг. Хүн яаж өөрөөр ярьж, хөгжимдөж, хувцас лаж, дурлаж болдгийг тэд таниулсан. Нийгэм өөр байсан учраас урт үстэй, өргөн өмдтэй явж болохгүй ч бид энэ бүхний төлөө улайран тэмцэж, давж байснаараа бахархдаг. Би өргөн өмд өмсөж, үсээ урт ургуулж үзсэн. Дуулж болохгүй гэсэн дууг нь ч дуулж явлаа. Орцонд бид жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг байсан. Барууны үзэлтэй зүүний социалист үзэл харшилдаг байсан учраас тэр үед тэрс үзэлтэн ч болж явлаа. Гэхдээ гараа мушгиулж, торны цаана ороогүй. Үзэл суртлын гажуудал байсан учраас л 1990 оны хувьсгал гарсан.

-Та бүхний тэмүүлж байсны нийгмийн өөрчлөлт би болоод 20 жил өнгөрчээ. Одоо харин өнөө үеийг шүүмжлэлтэй нүдээр харвал ямар байх бол...

-1990-1991 оны гайхамшгийн тухай ярихад хүн болгон ойлгоно. Түүнээс хойш олигарх, баян ядуугийн ялгаа зэрэг олон гажуудал гарсан. Өнөөдөр арай л өөрөөр амьдрах ёстой. Шведийг хар. Энэ чинь социализм. Намайг “Битлз”-ийг сонсоод, тэр үзэлтэн болоод шаналж явахад Шведийн социализм гээд ярьдаг л байсан. Одоо Шведийн Парламентын гишүүн хэн байх нь иргэдэд нь сонин биш. Японд ч ижил. Ийм харьцангуй зүйлсийг би тунгаадаг учраас манай энэ хөгжлийг шинэчлэх хэрэгтэй болжээ. Үүнийг шинэ үеийнхэн хийнэ. Шинэ үе гэдэг нь ертөнцийг хөгжүүлж байгаа техник технологио дагасан сэтгэхүйтэй залуус юм. Хөгжимд ч ижил. Гурван гитарчин гарч ирээд сүртэй хөдөлгөөн хийхдээ биш, өөр хэмнэлээр тоглож байгаа нь сонин.

-Хоцрогдоод байгаа гэснээс Монголын рок, поп урлаг ч гэсэн нэг л унтаа, хоцрогдмол болсон юм шиг ээ?

-Рок поп урлаг хоцрогдоно гэж байхгүй. “Universe best songs”-ийг бид зүгээр нэг хийгээд байгаа юм биш. Шинэ үе юу хэлээд байгааг дуулгаж, харуулах гэсэн юм. Монгол залуучуудын орон. Залуу хүн болгон шинийг эрэлхийлдэг. Рок хөгжим ч залуусыг дагаж хөгжинө. Тэгэхээр яагаад ч хоцрогдохгүй, залуус өөр зүйл л хүсэж байна. Хуучин урлаг нь “Битлз”, Моцарт шиг, Майкл Жексон нь Элвис шиг болсон хэрэг. Рок, поп ертөнцөд амьдарч байгаа болохоороо өмөөрч байна гэж бүү бодоорой. Миний хэнз охин ч рок сонсдог юм.

-Таны амьдралд “Битлз”- ээс өөр хүчтэй нөлөө үзүүлсэн уран бүтээлч бий юү. Ялангуяа Монголынх?

-Хангал, хазгар Төмөр.

ОХИНЫХОО БАГА НАСЫГ ХӨГЖМИЙН БООЛ БОЛГОХГҮЙ

-Таныхаар залуу насны хэмжүүр нь юу вэ?

-60 шахаж байгаа ч рок хөгжмийг улам л сонирхоод байгаа би залуу. “A sound”- ын хөгжим өөрөөр дуугарч байгааг мэдэрч байгаа бол та ч гэсэн залуу байна гэсэн үг. Харин хүлээж авч чадахгүй байгаа нь өөрийгөө тэтгэврийн нас руугаа ойртжээ гэж бод.

-Таны энэ эрх чөлөөт ертөнцийг эхнэр тань хэрхэн хүлээн авдаг вэ?

-Бид 1974 онд гэрлэж, 37 жил ханилж байна. Бидний зүрх нэг, сэтгэл нэг, элэг нэг болчихжээ. Би ханиасаа, тэр минь надаас суралцдаг. Миний эхнэр хөгжмийн мэдрэмж, мэдлэгтэй, тэвчээртэй ханддаг соёлыг сайн эзэмшсэн бүсгүй. Тийм учраас би гэрийнхээ хөгжмийг хамгийн чанга дээр нь тавьчихаад сонсдог. Намайг дагаад хэнз охин минь ч рок хөгжим сонсож байна.

-Охиноо хөгжимтэй холбож ярихыг бодвол урлагийн хүн болгох хэтийн хүсэл байна уу?

-Бага хүүгээсээ 21 насаар дүү хэнз охинтой, би. Хэнз хургаа би багаас нь хөгжим тоглуулж тамлаад яах вэ гээд хайрлаад байгаа. Тиймдээ ч хөгжмийн сургуульд өгөх гэж байгаад больсон. Сонсгол байгаа. Тэгж байгаад би зөөлөн аргаар төгөлдөр хуур сургачихъя гэж бодож байна. Хайран бага насыг нь хөгжмийн боол болгоод яах вэ. Охин минь зураг зурах авьяастай. Би ийм, тийм зүйл хий гэж шаардахгүй ээ, инерциэрээ л яваг. Нуугаад яах вэ, би охиндоо хүүхдийн аз жаргалыг мэдрүүлж байлгамаар байна.

-Та анх ямар дууны ая зохиосон бэ?

-Сүүлийн үед би энэ тухай их боддог болсон. Аав минь Архангайн Тариатынх. Буур Жамъянгийн нутаг. 1971 онд би аавынхаа нутаг руу явсан юм. Тэнд нэг уулын орой дээр гараад “Аз жаргал...” гэсэн үгтэй дууны ая хийсэн. Түүнээс өмнө гитар бариад хүүхдийн гэмээр ая оролддог л байсан. Гэхдээ анхны дуу гэвэл тэр л байсан. Хотын шорооны хүүхэд Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурыг хараад сонин зүйл мэдэрдэг юм билээ. Монголчууд бид их азтай. Байгаль дэлхий нь ийм сайхан учраас магтан дуулахаас ч өөр аргагүй. Харин Монголын радиод анх бичүүлсэн дуу минь “Урин хавар ирлээ”. Энэ дууг аавынхаа шүлгээр хийсэн юм.

-Аавынхаа уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх талаар Б.Ангирмаа эгч та хоёр ямар ажил хийдэг вэ?

-Аав минь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлуулж, улс төрийн хэлмэгдэлд өртсөн хүн. Гэртээ өөртөө л бичдэг байсан. Тэр шүлгийн түүврээс нь бид хоёр дуу хийдэг юм. Чадраабалын Балчинжавын шүлгээр бүтсэн “Урин хавар ирлээ”, “Намрын уянга” зэрэг олонд түгсэн дуунууд бий.

-Та ах дүү хэдүүл вэ. Б.Ангирмаа эгч та хоёрыг л урлагийн хүмүүс гэж мэдэхээс биш бусдыг нь танихгүй.

-Бид тавуулаа. Нэг ахыгаа айлд өргүүлсэн болохоор одоо хоёр охин, хоёр хүү байна. Нөгөө хоёр маань биднээс илүү авьяастай ч сүүдэрт байдаг улс. Манай Оргил их сайхан дуулдаг. Энхриймаа ч дуулна. Урлагийн гавьяат зүтгэлтэн цол авчихаад эцэг, эхийн ген гэж байдаг юм байна гэдгийг хатуу ойлгосон.

-Энэ цолыг авчих юмсан гэж “хардаг” байсан уу?

-Би Майкл Жексон гавьяат жүжигчин гэж зарлуулдаггүй гэж ярьдаг л байсан хүн. Дараа нь энэ шагналыг арай илүү боловсронгуй болгох хэрэгтэй гэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Би 50 настайдаа П.Цагаан сайдын гараас Соёлын тэргүүний ажилтны тэмдгээ гардлаа шүү дээ. Тэгээд соёлын тэргүүний ажилтан гээд зарлуулаад байлтай ч биш. Гэхдээ төрийн ийм хүндтэй шагнал байх хэрэгтэй юм байна. Өөрөө авчихаад ингэж байна гэж бүү бодоорой. Шагнал авсны дараа аваагүй найз нараа боддог юм байна. “Инээмсэглэл”- ийн Ганхуяг бол одоогийн одонцруудыг төрөөгүй байхад дуулж л байсан, одоо ч хэвээрээ. Босоогоороо яваа дуучин. Солонгосчууд шагнал биш мөнгө өгдөг гэсэн. Гэхдээ дугтуйтай мөнгөнөөс илүү энэ их нэр хүнд, хайр, хүндлэл чухал юм байна. Монгол төрт ёс гэдэг утгаараа ийм зүйл байх хэрэгтэй юм.

-Шагнал авсан хүмүүс “Би ч баргийн юманд сандардаггүй хэрнээ, сая ёстой их сандарлаа” гэж ярьдаг. Харин та яасан бэ?

-Сандарсан. Өдөр бүхэн телевизээр гарч, нүүр хагарчихсан хэрнээ тэр сүр жавхлантай танхимд, есөн хөлт цагаан тугийнхаа дэргэд, Ерөнхийлөгчөөс шагнал гардахаар зүрх дэлсдэг юм билээ.

Ж.Солонго
"Өнөөдөр"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш