logo
Португалын домогт хөл бөмбөгч Эйсебио 71 насандаа хорвоог орхилоо

Португалын домогт хөл бөмбөгч Эйсебио 71 насандаа хорвоог орхилоо

2014/01/06
Португалын домогт хөл бөмбөгч Эйсебио 71 насандаа зүрхний шигдээс өвчнөөр нас барлаа. 1942 онд тухайн үеийн Португалын колони байсан Мозамбикт мэндэлсэн Эйсебио да Силва Феррейра нь Португалын шигшээ багийн 64 тоглолтод оролцож, 41 оноо авсан чадварлаг тамирчин байв. Тэрээр 1966 онд Англид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 9 гоол хийснээс 4 –ийг нь Умард Солонгосын багийн хаалганд оруулжээ. Түүний оруулсан гоолын ачаар Португалын шигшээ баг тус тэмцээнд 3-р байрт шалгарсан түүхтэй.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэгт тооцогддог Эйсебио 745 удаа мэргэжлийн тоглолтод оролцож 733 удаа гоолдсон бөгөөд 1965 онд Европын оны онцлох хөлбөмбөгчнөөр шалгарч байсан юм. Гүйцэгдэшгүй хурд, бөмбөг туух хосгүй чадвараараа цагтаа гайхагдаж явсан тэрээр өнгөрсөн жил амьсгалын замын өвчин болон зүрхээ эмчлүүлэхээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтжээ. Эйсебио 22 жил хөлбөмбөг тоглохдоо 15 жилд нь Португалын Бенфика клубт хүчин зүтгэсэн юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш