logo
Би өөрийгөө ялж чадна..................

Би өөрийгөө ялж чадна..................

2011/09/12
Хүний хамгийн том өрсөлдөгч өөрөө байдаг гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Миний бодол санаа, муу зуршил, зан харьцаа, биеэ авч яваа байдал, залхуу хойрго зан, амалсандаа хүрдэггүй байдал бүгд миний өрсөлдөгч. Би өнөөдрийг хүртэл амьдрахдаа өөрийн бодол санаа, муу зуршил, зан харьцаа, биеэ авч явах, залхуу хойрго зан, амалсандаа хүрдэггүй байдалдаа үргэлж ялагдсаар ирсэн. Өөрийн минь хамгийн хүчтэй өрсөлдөгч үргэлж дэргэд минь байна гэдгийг мэдтэлээ би өөртөө ямар нэг байдлаар ялагдсаар ирсэн. Тэгвэл яг одооноос эхлээд би өөртэйгөө тэмцэж өөрийгөө ялахаар шийдлээ. Энэ тэмцлээ би цаг минут тутам, хором мөч бүрт хийх болно.
Хэрвээ би өөрийгөө ялах юм бол хүн төрлөхтний дунд мартагдашгүй сайн зүйлсийг хийх хүч чадалтай болно гэдэгтээ итгэлтэй байна.
Өөртэйгөө хийх тэмцлийг би яг одооноос эхлэхээр шийдлээ. Та ч бас надтай хамт өөрийгөө ялах тэмцэлд нэгдээрэй.
Хамтдаа бүгдийг бүтээе................
Миний өөрийгөө ялах тэмцэл маань өглөө бүр 6 цагт босож гүйхээс эхлэх болно. Өдөр шөнийн 25 цаг компьютерын ард суудаг над мэтийн хүнд хөдөлгөөний дутагдал нь архаг хууч өвчин авч ирэх нь гарцаагүй биз. Цас, шуурга, бороо, шороо байгалийн ямарч гамшигтай байсан би өөрийгөө ялтлаа гүйх болно. Хэрвээ та надтай хамт өөрийгөө ялах хүсэлтэй байгаа бол өглөө бүр зайсан толгой дээр уулзаж байя.
Зургаан жил тамхи татсан хэрнээ тамхи надад ямар ч ашиг тусыг өгсөнгүй. Тамхинаас гарна гэж ярьж явсаар 3 жилийг ардаа үдэж дээ. Одоо хоосон ярихаа болиод яг одоо хайрцагтай тамхиа хогийн сав руу чулуудаад тамхи гэдэг чимээгүй алуурчнаас өөрийгөө холдуулъя. Хэрвээ та тамхи татдаг бол надтай хамт тамхитай тэмцээрэй.
Хааяа уудаг бор дарсыг огт хэрэглэхээ больё, харин түүний оронд шар, цагаан айргийг багахан шиг хэрэглэж байя. Тэр найз, энэ найз намайг уруу татаад, тэр хүнд энэ хүнд гомдоод, тийм баяр ийм баяр болоод гэх мэт ууж идсэн шалтгаанаа бусдаас эрэхээ больё. Учир нь та уухгүй гэвэл уухгүй байж чадна. Хүчээр архи цутгадаг ямар ч хүн байхгүй болохоор.
Өнөөдөр хийчих ажлыг маргааш гэж хойшлуулахаа больё, одоо хийчих зүйлийг дараа гэж залхуурахаа больё. Эрт орой хэзээ нэг өдөр хийхээс хойш алт шиг цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэхээ больё.
 Бодол санаагаа ариухан байлгая, бусадтай хүн ёсоор харилцаж байя энд тэндэхийн хүмүүсийг ийм тийм гэж гоочлохоо больё. Хүнтэй хүн ёсоор л харьцаж байя. Хэн хүнтэй эвтэй байж хамгийн сайн найз, хамгийн сайн багийн гишүүн, хамгийн сайн туслагч, хамгийн сайн зөвлөгч байя.
Өөрийн зорилгодоо үнэнчээр зүтгэж урагшлах бүрдээ цэвэр алхацгаая.
Хэрвээ та надтай нэгдэж өөрийгөө ялах тэмцэлд нэгдэхийг хүсэж байгаа бол өглөө бүр надтай хамт гүйгээрэй. Би таны хамгийн сайн найз байх болно.
Бид эхний алхмыг хийхгүй бол хэзээ ч хүссэндээ хүрч чадахгүй. Тийм болохоор хамтдаа эхний алхмыг хийцгээе найзуудаа........................
Хэрвээ би өөртөө ялагдаж явбал та намайг хатуу үгээр харамгүй шүүмжилж өөрийгөө ялж явбал урмын үгээр тэтгэж байгаарай.
Хүчээ нийлүүлж хамтдаа зүтгэе.
Нэг л өдөр.........
Ц. Ганцоож
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш