logo
Хог тээвэрлэх хуваариа иргэд өөрсдөө батлав

Хог тээвэрлэх хуваариа иргэд өөрсдөө батлав

2014/05/06

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэдэд хог тээврийн шинэчилсэн хуваарийг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс, хог тээвэрлэгч байгууллага, Азийн сан, Байгальд ээлтэй хөршүүд ТББ-ын зүгээс хамтран боловсруулж батлав. 

Хог тээврийн хуваарийг сард нэг удаа дөрөв хоногийн нарийвчлалтай, сард хоёр удаа хоёр өдрийн нарийвчлалтай, сард хоёр удаа нэг өдрийн нарийвчлалтай тээвэрлэх гурван янзын хувилбараар иргэдэд танилцуулахад иргэдийн 100 хувийн саналаар сард хоёр удаа нэг өдрийн нарийвчлалтай хуваарийн дагуу хог тээвэрлэх хуваарийг баталлаа. Баталсан хуваарийг ойлгомжтой хэлбэрээр хорооны өрх бүрт хүргэх, эх бэлтгэх, олшруулах, тараах ажлыг тавдугаар сард багтаан зохион байгуулж 2014 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахаар боллоо.

Мөн цахилгааны төлбөр дээр хог хаягдлын хураамж төлөхгүй байгаа айл өрхийн хураамжийг төвлөрүүлэх арга хэмжээг иргэд дэмжиж нийслэлийн иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан, биелүүлж хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийллээ.

Хог тээврийн шинэчилсэн хуваарь батлагдсанаар хог хаягдлын хураамж бүрэн төвлөрч, хог тээвэрлэх хуваарь тодорхой, иргэд хуваарийн дагуу хог хаягдлаа ачуулж хэвшвэл гэр хорооллын ил задгай үүсдэг хог хаягдал байхгүй болж иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрэн бүрдэх бөгөөд цаашлаад тус дүүргийн гэр хороолол болон орон сууцны бүх хороодод хэрэгжүүлж иргэдийн оролцоотойгоор хог хаягдлын менежментиийг сайжруулах боломжтой болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш