logo
Германы шигшээ багийн тамирчдын эхнэрүүд талбайг эзэгнэв

Германы шигшээ багийн тамирчдын эхнэрүүд талбайг эзэгнэв

2014/07/16

Германы шигшээ баг Хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлэхээс өмнөх үе шат бүрт эр нөхрөө, найз залуугаа дэмжсээр ирсэн эдгээр эмэгтэйчүүдэд эрчүүдийнх нь ялалт маш их баяр хөөрийг авчирсан билээ. Германы баг Аргентиныг 1:0-ийн харьцаатайгаар ялж, эцсийн шүгэл дугарсны дараа тэд Маракана цэнгэлдэхийн ногоон талбайг эзэгнэсэн гэхэд болно.

Жером Боатенг, Мирослав Клозе зэрэг тоглогчдын хүүхдүүд ч энэхүү баярт үйл явдлын гэрч болжээ. Нэмэлт цагт гайхалтай гоол оруулж, Германы багт 4 дэх аваргын цомыг авчирсан Марио Гёцегээр Германчууд бахархсан нь гарцаагүй. Тэрхүү бахархлын нэг илэрхийлэл нь найз бүсгүй, 25 настай загвар өмсөгч Анн-Катрин Броммелийн үнсэлт байсан гэхэд хилсдэхгүй биз ээ.

Германы "Next Top Model" тэмцээний оролцогч тэрээр найз залуугаасаа холдохгүйгээр үнсэж, тэвэрч, гар утсан дээрээ зургийг нь авч байгааг гэрэл зурагчид дурандаа буулгасан байна. Гёце ч найз бүсгүйнхээ дэмжлэггүйгээр тэмцээнд түрүүлж чадахгүй байсан хэмээн тоглолтын дараа ярьжээ. Дашрамд сонирхуулахад, финалын тоглолтын нэмэлт цагт гоол оруулахаасаа өмнө 22 настай Гёце авьяастнуудаар дүүрэн Германы багийн од биш байсан бөгөөд өнгөрсөн зун Боруссия Дортмундыг орхиж, өрсөлдөгч Бавари Мюнхентэй $50 саяын гэрээ байгуулсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш