Эцэст нь аав үг хэлэв. Хүүхдүүд ааваа сонсон дуугаа хураав. Улсын аав гэртээ барилдаж тоглохыг хориглолоо. Хөршөө шоглох нь айл саахалтын эвийг эвдэх осолтойг анхааруулав. Гэрт, гадааны ажил их байхад дэмий тоглоом шоглоомд ч хүрч болохыг сануулав.
100 чухал сэдэв 100 хувь муу нэвтрүүлэг байсангүй. Муу юманд ч сайн тал байдаг гэж Оюундарь хатагтай ууланд алхахдаа хэлж байсанчлан юутай ч Монголчуудын эх оронч сэтгэлийг ил гаргаж ирлээ. Надад энэ олон эх орончоор бахархах сэтгэл төрж ирэв. Бас Монгол залуусын боловсрол, ухамсрын түвшинг нуух бололцоогүй болгож орхилоо. Монгол залуус эх оронч байгаа нь маш сайн хэдий ч ямар ч суртал, шордоонд амархан өдөөгдөх хэмжээний ухамсар мэдлэг дорой байгаа нь илхэнээ болов. Боловсролгүй, бодолгүй масс бол дарангуйлалын нийгмийн мөрөөдлийн хөрс суурь мөнөөсөө мөн билээ. Ямар азаар Монгол улс парламентын засаглалтай орон байв аа. Үндсэн хууль баталсан 400 хөгшинд баярлалаа. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсансан бол Монголд дарангуйлагч ядах юмгүй төрөх хөрс суурь бэлхэнээ байгаа л юм байна. Халхын заяа ихээ гэж ярьдаг. Монголын заяа үнэхээр их ажээ.
Тиймээ би ч гэсэн эх оронч. Би Монгол улсдаа, Монголынхоо тусгаар тогтнол, Монголын үнэртэй ардчилалдаа чин зүрхнээсээ хайртай. Би өөрийгөө 100 чухал сэдвийг зохиогч эх оронч Х.Баттулгаас дутахгүй эх оронч, Монголын төрд Х.Баттулгаас ч дутуугүйг бүтээгч гэж бодож явдаг. Энэ тухайгаа доор цухас өгүүлэх тул дуустал нь уншихыг бодоорой. Би бол шинэхэн сүндэрлэж байгаа барилгаас сонсогдох харь хэл, шинэхэн сайдын тархийг базсан харь зөвлөх, шинэхэн нээгдсэн дэлгүүрт өрөгдсөн харь хүнсний аль алинд нь эмзэглэдэг монгол.
Гэвч яалтай.
Үүнд монголчууд бид өөрсдөө л буруутай юм. Монгол эх орончид бид өөрсдөө нэн тэргүүнд буруутай. Яагаад бид буруудна вэ? Хамаг ажлыг хятад, хамаг бодлогыг гадаад зөвлөхүүд, хамаг цалинг мөн л тэд аваад байхад яахаараа Монголчууд бид бурууддаг байнаа гэх асуулт гарах нь гарцаагүй.
Хариулъя. Зах зээлийн хатуу хууль биднийг хүссэн хүсээгүй харийн хараат болгоод байна. Бид өөрсдийгөө эхлээд нэг хараадхая. Өөрсдийгөө хажуунаасаа нэг шинжье л дээ. Хариулт эндээс биднээс өөрсдөөс маань олдоно.
За нэг зам засаж байгаа дүр зургийг саная. 5 монгол байхад нэг нь ажиллаад 3 нь тамхи татан, үлдсэн нь удирдагч дүртэйгээр утсаар ярин зогсож байдаг. Өөрөөр хэлбэл 5 хүн нэг цаг хийх ажлыг 5 хүн 5 цаг хийдэг. Буруугаа дундаа нэг багажтайгаараа голдуу зөвтгөөд өнгөрдөг. Ганцхан багажтай ажилд 5 хүн томилдог төлөвлөлтийн бурууг хэн ч ярьсангүй.
За төрийн албаны контороор оръё. Нэг хэлтсээр шагайя. 7 хүнтэй дундаж хэлтэст 4 нь интернэтэд зугаалж, 2 нь гадуур явж 1 нь л ажил хийж байгаа дүр зураг харагдах болно. Тэрхүү ганц нь хэлтсийн даргаас өгсөн цаасыг бэлдэхээр ухнатан сууж байдаг. Мэдээж хэлтсийн даргад нь газрын дарга өгсөн, газрын даргад нь сайд нь өгсөн бичгийн хариуг бэлдэх гээд сууж байгаа нь тэр. Сайдад нь УИХ-н байнгын хорооны хурал дээр ганц өдрийн дотор гаргаж ирүүлэх үүрэг өгчээ. Сайд түүнийг 2 цагийн дотор яамандаа дамжуулж, уг даалгавар 1 цагийн дотор яамны ирархи тогтолцоог дамжин явсаар шинэхэн орсон мэргэжилтэнд ирсэн нь энэ бөлгөө. Хөөрхий тэр “мэргэжилтэн” бол улс төрчид, дарга нарын шахаа солилцооны журмаар ажилд орсон хүүхэд бөгөөд ирсэн том бичгийн учрыг ч бараг сайн ойлгохгүй, дээрээс хаалгадан орж ирсэндээ бантаад хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдээсээ ч асуухаас санаа зовоод өөрөө л нухаж суугаа нэгэн. Гэвч тэр ажлаа хийж бичгийн хариу сийлнэ. Үзсэн дуулсан нь багахан боловч гүүгл, вики-гийн тусламжтайгаар ямар нэгэн юм гаргаж л орхилоо. Түүний ганцхан хоногт “бэлдсэн” цаасыг хэлтсийн дарга газрын даргадаа өгч, газрын дарга сайддаа гардуулж, сайд УИХ-н байнгын хороонд танилцуулж, Байнгын хороо УИХ-н чуулганд оруулж, Чуулган кнопдож орхисоноор төрийн бодлого бэлэн болно. Бодлогосоод байх ч юу байхав шал түүхий, дутуу, голдуу ямар ч хэрэггүй ийм бодлого баталж аваад түүнийгээ шат шатандаа хэрэгжүүлэхээр ахиад л нийгмээрээ бөөн хэрүүл.
Нийгэм эдийн засгийн харилцаанд банк гэж нэг чухал зүйл байх бөлгөө. Банк нь эдийн засагт хэрэгтэй мөнгийг нийлүүлж, заримаас нь мөнгө татан төвлөрүүлж, заримд нь зээлж, заримдаа өөрөө хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож, хааяа хөрөнгө орууж ажилладаг тийм тогтолцоо юм. Банкны зээлийн хүү гэж нэг ойлголт бий. Энэ хүү бол хагас бүтэн сайнд ч, ажлын цаг дуусчихаад байхад ч, тамхины завсарлага, үдийн цай, бүүр даже үндсэний их баяр наадмын үеээр ч амардаггүй золиг нохой билээ. Ёстой нөгөө өөрөө ч амардаггүй, бусдыг ч амраадаггүй шаар бол чухамхүү банкны зээлийн хүү мөнөөсөө мөн.
Бизнесүүд банкнаас зээл авч бизнесээ хийдэг. Зам, барилга, үйлдвэр гээд капитал интенсив бизнесүүд хүссэн ч эс хүссэн ч банкны зээлээр л санхүүжигдэхээс өөр арга байдаггүй. Банкны зээлтэй бизнес гэдэг бол цаг хором тооцсон уралдаан юм. Ажлаа хурдан чанартай дуусгах тусам зээлийн хүү бага төлдөг. Сунжирвал хүүндээ мулт шатахаас гадна дараагийн зээлийн кредит рэйтинг нь буурч, ирээдүйн зээлүүдийн нөхцөлүүд чангарах аюултай. Цагтай уралдахын тулд нэг хүний ажлыг нэг л хүн хийдэг баг бүрдүүлэх, илүү дутуу дахин дахин хийж зардал гаргадаггүй бүх зүйлийг яс тооцож ажлыг удирдан зохион байгуулж чадах мэнэжмент хэрэгтэй болж ирдэг. Бүтээн босголтын богинохон сезон, банкны зээлийн өндөр хүү, өрийн шахуу хугацаанд 5 монголоор 1 хүний ажил хийлгэж 5 дахин удаан, дээр нь 5 хүний цалин төлөх үү, эсвэл 5 хятадаар 5 хүний ажил хийлгэж 4 хүний цалин төлөх үү гэдэг сонголтын өмнө олон олон эх оронч бизнесмэнүүд маань тулж ирдэг. Аль ч банкны зээлийн гэрээнд патриотизмыг дэмжих заалт, хөнгөлөлтийн нөхцөл байдаггүйгээс бүтээн босголтууд нэг л мэдэхэд хятад ажилчдаар дүүрч орхисон байдаг билээ. Хятад ажилчид ч өдөр шөнөгүй балбаж, өлөн зэлмүүр ажиллаж байгаад биеийн хөдөлмөрийн фронтоос монголчуудыг үй олноор нь шахаж орхидог.
Мөн дээр өгүүлсэн шинэхэн мэргэжилтний сийлсэн төрийн “бодлого” дампуурах тийшээ хандаад далий голдуу хэрэгжээд ирмэгц чанартай бодлого хийх шаардлага өөрийн эрхгүй урган гардаг. Чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ намчдаар сольж, хань хамсаатнаараа түрэн гаргасан улс төрч, сайд нар хүссэн ч эс хүссэн ч ямар нэгэн шар толгойтныг олон сая доллараар урьж ажиллуулан бодлого, тооцоо бэлдүүлж авах хэрэгцээ үүсдэг. Уригдан ирсэн шар толгойтнууд нь хэлтэй, чадалтай ч улс төрийн хар хүчинд шахагдсан залуусыг олж хямдхан ажиллуулан, тэдний бэлдсэн дата, анзаарсан алдаа, гаргасан саналуудыг нэгтгээд зөвлөх үйлчилгээний тэмплэтэнд шахан англи хэлээр хэвлэн гаргадаг. Зөвлөхүүд өдөрт нэг л хуудас цаас бичих бөгөөд нэг жилийн дотор 300 хуудастай маш том тайлан бэлэн болдог. Гарчиг, зураг голдуу уг зөвлөх үйлчилгээний тайлангаа төрийн сайдад өгч мөнгөө аваад арилж өгөх ба сайд ч тэр том зөвлөх компанийн гаргасан дүгнэлтээр ийм байна тийм байна хэмээн цэцэрхэх багажтай болсондоо учиргүй олзуурхан үлддэг билээ. Ёстой нөгөө “ хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо баярлаж байна гэж жигтэйхэн” хэмээдэг Жамц баяны үг эндээс дүрээрээ харагддаг.
Үр дүнд нь монгол ажилчин цалингүй, монгол мэргэжилтэн үнэлэмжгүй болж үлддэг. Өөртөө ноогдсон ажлыг өөрөө л хийж сураагүй монгол ажилчин, өөртөө ноогдсон ажлыг дундаа хийж, доошоо пасслдаг монгол мэнэжмэнт хүссэн ч эс хүссэн ч гадаадын түрэлтийг урин дуудах үндсэн фактор болон хувирч байдаг. Монголчууд бидний их залхуурлыг хөдөлж ядсан ч зогсоо зайгүй ажиллах чадвартай хэдэн гадаад овжноор ашиглан түрж байгаад эцсийн эцэст хэн буруутай юм бэ?
Ажлаа булаалгасан ажилчид, албанаасаа хасагдсан сэхээтнүүд бороонд норсон бухимдын бухал шиг дотроосоо нэг л өдөр шатахад бэлэн болсон байдаг. Саяын 100 сэдэв бол яг үнэндээ ийм нэг бухалд гал тавьсан л хэрэг боллоо.
“Ташуураар хамгаалсан эх орно тархиараа хамгаалах цаг ирлээ” хэмээн хэлсэн Л.Түдэв гуайн үг юутай үнэн, юутай мэргэн. Цаг өөр болж тэмцлийн технологийн shift болсоныг хамгийн түрүүнд анзаарсан хүн бол яалт ч үгүй Л.Түдэв гуай мөнөөсөө мөн билээ. Гэтэл 21-р зууны 14-р онд ч ташуурын суртал үргэлжилсээр. За яахав турхирагчидын хүслээр болоод хэдэн хятадыг балбаад, хэдэн шарыг хөөгөөд гаргая. Барилгачидаа хамгаалахаар Хятад Бутанд орсон шиг юм болвол яах юмбээ? Хөөгдсөн шарууд ирж биднийг өмөөрөх үү? Яджаахад хятадаас хамгаалах өргөн царигаа ч тавьж амжаагүй байж байдаг. Ер нь энэ хийрхэл бол сул дорой эх орноо хайрлах, хамгаалах биш харин ч бусдын хөнгөн зууш, түрэмгийлэлийн далим болгох онц ноцтой гэмт үйлдэл юм.
Эх орноо өөрөөр хамгаалах цаг болсон. Үүний тулд бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Юуны түрүүнд цагаа барьж сурах хэрэгтэй. Цагийн ажлаа цагтаа хийж занших хэрэгтэй. Ажил олгогчоо мөлжигч гэж харах бус түүнийг үнэхүү эх оронч гэж харж түүнд үнэн сэтгэлээсээ ажиллаж өгч сурах хэрэгтэй. Нэг монгол хүн нэг л монгол хүний ажлыг хийдэг болох хэрэгтэй. Ингэвэл барилгын хужаа аяндаа цөөрнө. Хятадуудыг нутгаасаа хөөх арга бол хятадуудаар хийлгээд байгаа ажлыг булааж, хятадуудаас илүү хийх явдал билээ. Эх оронч төрийн түшээд ч засаг авмагцаа намчид, дамчидаар төрийг дүүргэж мэдлэгтэй, чадалтай залуусыг шахан зайлуулж үндэсний чадамжийг хорлодогоо болих хэрэгтэй. Сонгуулийн дараахь томилгоонууд бол яг үнэндээ ямар ч эх оронч биш, хорлон сүйтгэх ажиллагаатай төстэй болоод удаж байна. Намууд үндсэний боловсон хүчний талаар нэгдсэн консенсуст хүрэх ёстой юм. Залуус сурах хэрэгтэй. Гадныхныг орлох, тэдэнд заах хэмжээнд сурвал бүүр ч сайн. Сурах сурахдаа хөгжсөн орнууд руу өөрсдөд нь очиж сурах хэрэгтэй. Тэгэж байж л бид хөгжлийн технологийг тээж авчирч, тэднийг мад тавьж чадна. Үнэхээр үйлдвэржмээр байгаа бол төр хүнээ л бэлд, хүн нь өөрийгөө л бэлд. Тэр үйлдвэрт олимпийн аваргууд ажиллахгүй. Орос хятад ч ажиллахгүй. Онцчууд ч ажиллахгүй. Та нар л ажиллана.
Женко Баттулгын дуртай гэж яригддаг Загалмайлсан Эцэг хэмээх Мариа Пьюзогийн зохиолд “ганц цүнх барьсан хуульч, буу барьсан 100 тэнэгийн чадаагүйг дээрэмдэж чадна” гэж Вито Андолини хэлдэг эпизод гардаг билээ. Монгол улс гадаад эдийн засгийн интеграцчлалд идэвхтэй орохоосоо өмнө дэлхийн хэмжээний хуульчид бэлдэж аваагүй байсныхаа горыг маш өндөр үнээр төлж байна. Манай хуульчдын хэмжээ шоронгийн эргэн тойрноос холдож чадахгүй байгаа нь нууц биш. Олон улсын гэрээ, худалдааны хэлэлцээрүүд, арбитрын шүүх, диспют резолюшн дээр ажиллах хуульч хэд байна вэ. Мэдээж байгаа нь байгаа. Гэхдээ тийм хуульчид олон болж байж л Монгол улс гадаад талдаа хүчирхэг байх боломжтой.
Оюу толгой бол үндсэндээ Монголын хуульчдын чадал нь хүрээгүйгээс л ходруулчихсан гэрээ гэж би ойлгодог. Гэрээний төсөл дээр Монгол улс дэлхий топуудад бэлдсэн өөрийн хуульчдын баг ажиллууж чадсансан бол байдал их өөр байх байсан гэж бодогддог. Монгол толгойг үнэлдэггүй Монгол толгойнд хөрөнгө оруулдаггүй, архитектороос илүү тоосго өрөгчийг алдаршуулдаг монгол тогтолцооны үндэсний хэмжээний үр дүн нь бидний гадаадуудтай байгуулж байгаа элдэв гэрээнүүд болж байна. Монголчууд том гэрээн дээрээ том алдаж, жижиг гэрээн дээр жижиг алдсаар л байна. Гэрээлэгч нөгөө талынхаа хуулийг судалсан, сурсан хүнгүйгээс гэрээн дээрээ алуулдаг нь хэм хэмжээ болчихлоо. Эрдэнэт, УБТЗ-н гэрээг орост сурсан, оросын хуулиар төгссөн монгол хуульчид нухсаны үр дүнг бид хүртээд сууж байгаа. Хамгийн доод тал нь 50/50 гэрээг бид хийж чадаж байжээ.
Зөвхөн хууль гэлтгүй олон олон салбарт Монголчуудын оюуны залхууралын үр нөлөө ихээр илэрч байна. Тухайлбал зам байна. Харамч хүн хоёр дахин их төлдөгийн үлгэр монголын зам дээр шууд утгаараа байж байна. Гадаадад яаж зам барьдаг вэ. Тэд хөгжлийн планд захируулж инженерийн шийдлүүдтэй, даацтай, ус зайлуулах сувагтай эсвэл ус хаях налуутай, зузаан асфальттай, явган зорчигтийн замтай, гэрлийн шон нь явган зорчигчид саад болохгүй замыг манай замаас 5 дахин их үнээр нэгмөсөн барьдаг. Бид зам яаж барьж байна? Монголчууд даацгүй гурилдсан зам эхэлж барьдаг. Хойтон жил нь тэр замаа сэтэлж инженерийн элдэв байгууламж усны хоолой, утасны кабель татдаг. Эвдсэн замаа дахин засаад хэсэг хугацааны дараа брожурыг нь сольдог. Брожур солиод дуусмагцаа брожураа мулт татан ус зайлуулах суваг хийдэг. Ингээд ус зайлуулах суваг бэлэн болмогц дахин төлөвлөлтөнд оруулж өргөтгөн бүхнийг эхнээс нь эхэлдэг. Эцсийн дүнд нь зам анх тавьж байснаасаа 20 дахин үнэтэй, барууны замаас 4 дахин үнэтэй ч бас л шал ямбий юм болж хоцрон мартагддаг. Улаанбаатарт эхнээсээ зөв зам хөрөнгөөр зодож бариад байсан бол маш сайн чанарын замаар хотыг бүрхээд дуусах хугацаа, хөрөнгө үрэгдлээ. Замыг манай дарга нар нэгмөсөн маш сайн хийх ёстой зүйл гэж ойлгохыг ч хүсдэггүйгээс зам дээр дахин дахин мөнгө оруулж тэндэр бодож олох багаж гэж хардгаас замын осол, саатал, түгжрээ тоймоо алддаг. Мөнгө байна, ажилчин байна ганцхан зохион байгуулалт төлөвлөлт л алга. Өөрөө хэлбэл толгой нь ажиллахгүй байна. Толгой яагаад ажиллахгүй байн вэ гэвэл толгой үнэлэмжгүй тул ажиллахгүй байгаа хэрэг. Барууны төр хувийн ялгаагүй ихэнх том үйлдвэр компаниудын захирлууд сая саяын цалин бонустай байдаг. Тэд толгойгоо ажиллуулдаг. Үр дүнд нь 5 саяын замыг 20 саяаар хийдэг шиг гарлага арилж бизнес тэрбумын хожoо олдог. Төрийн УҮГ-уудын алдагдал авилгалын шалтгаан нь удирдлагын цалин, бонусы социалист тогтолцоо хэвээр байгаа явдал л юм. Үйлчлэгчээсээ бага цалинтай авиа компанийн захирал, бэлазын жолоочоос бага орлоготой уурхайн дарга нар үйл ажиллагааны эффисиенси гэдэг юмны төлөө яг явж харагдаач л байхгүй юу. Тэд хээл хахуулиар суудалдаа үлдэж, хулгай хийхээ л бодохоос үр ашгийн тухайд толгойгоо ажиллуулахгүй нь тов тодорхой.
Бид үнэхээр эх орноо бодож, эх орондоо хайртайгаа нотлохыг тулд интернет, телвизээр эрлийз хурлийзаараа дуудалцах ямар ч шаардлага байхгүй. Толгойгоо л дор дороо цэнэглэж байх хэрэгтэй. Таны ирээдүйн дайснууд чинь яг одоо номоо шимтэн үзэж суугаа шүү гэдэг үг байдаг. Хятадууд хүүхдүүдээ баруунд хөөн явуулж хүчээр сургаж байна. АНУ-д сурч байгаа гадаад оюутны талаас илүүг хятад оюутнууд хэдүйнээ эзэлжээ. Тэд сурч байна. Харин бид хийрхэж байна. Үнэхээр хятадад эзлэгдэхээс айгаад байгаа юм бол сурцгаа. Хөгшин залуугүй ном үзэцгээ. Гэхдээ ном үзэж байгаа нь энэ гээд шүлэг найргаар гэгэлзээд, детектив фантаазаар өвчлөөд байх хэрэггүй. Шинжлэх ухаан, технологи, бизнес, эрх зүйд суралцацгаа. Бид ингэж байж л Монголоо аварна. Өргөн царигийн үлгэр бол яг үнэндээ алтан цөгцний үлгэрийн 2-р анги төдий. Өргөн цариг биш өргөн мэдлэг л Монголыг хятадаас хамгаална.
Иймд эх орончдоо сур сур бас дахин сур. “Чи чадна гэвэл чиний зөв. Чи чадна. Харин чи чадахгүй гэвэл бас л чиний зөв. Чи чадахгүй” гэж хэлсэн Хенри Фордыг үгийг байнга санаж яв.
Өөрөө залхуурч өрөөлийг зарчихаад эх оронч гэж цээжээ мянга дэлдээд яах ч юм билээ. Өөрөө ажиллаж сурахаас залхуураад хятад авчирч ажиллуулчихаад эх оронч нэр зүүх бол тун ичгэвтэр хэрэг. Ийм хуурамч эх орончид л эх орны минь хөгжлийн хар садаанууд юм.
Эх сурвалж: batengineer.blogspot.com