"Гудамж" төслийн хүрээнд энэ жил Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Тус уулзварыг ийнхүү өргөтгөн шинэчилснээр зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаа аж. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болж байгаа юм байна.
Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК боловсруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллажээ. Тэгвэл тус уулзварыг албан ёсоор өнөөдөр 12.00 цагт нээхээр болсон байна.