logo
Шинэ сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг

Шинэ сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг

2014/08/20

2014-2015 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг бол, өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.  Энэ хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Эдгээр сурах бичгийг худалдан борлуулах цэгийн байршил болон худалдах үнэтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх юм.

2014 онд шинээр зохиосон сурах бичгүүд өмнөх онуудын сурах бичгүүдээс олон талаараа онцлог давуу талтай болсон хэмээн БШУЯ-аас мэдээлж байгаа. Үүнд:

  1.  Бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, туршин хэвлэн нийлүүлж байгаа
  2. Хичээл бүрийг багшийн номтой болгох ажлыг энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Энэ жил шинээр зохиогдсон 7, 12 дугаар ангийн сурах бичиг бүрийг багшийн номтой цогц байдлаар боловсруулж, хэвлэн нийлүүллээ. Энэ нь багшийн ачааллыг хөнгөрүүлж, хүүхдэдтэй ажиллах цаг нэмэгдэн, сургалтын чанарыг сайжруулах ач холбогдолтой.
  3. Хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн боловсролын чанарт анхаарч, оюуны хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 3 дугаар ангийн монгол хэл, 2 дугаар ангийн математикийн сурах бичгийг шинээр зохиож хэвлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтыг чанартай зохион байгуулах боломж бүрдэж байна.
  4. Казак хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Ховд сумын сургуулиудын бага ангийн сурах бичгийг 3 жилийн өмнөөс эхлэн казак хэл рүү орчуулан хэрэглэж байна. Түүнчлэн Эх хэл /казак хэл/-ний сурах бичгийг зохиож, хэвлэн хэрэглэж байна.
  5. Шинээр зохиосон сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй нийцтэй, зөв бичих зүйн алдаагүй, ойлгомжтой байх, сурах бичгийн зохиомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх, хүүхэд бүрийн хөгжих боломжийг бүрдүүлсэн сонирхолтой арга зүй, технологийн дагуу зохиох, номын зохион бүтээлт, өнгө үзэмж сайтай байхад онцгой анхаарсан.
  6. Сурах бичгийн эдэлгээ, хэрэглээ даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд чанарын шаардлага хангасан цаасаар хэвлэн, оёж, наах технологийг нэвтрүүлжээ.
  7. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн, ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын үүрэх ачааг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаарч ажилласнаар нэгдүгээр ангийн нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм, нийт сурах бичгийн жин 1,5 кг-аас хэтрэхгүй байна.

Бага ангийн бүх сурах бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернетээр ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа ба цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийг электрон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

2014 онд шинээр хэвлэгдэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч “Соёмбо принтинг” ХХК, “Бит пресс” ХХК, “Мөнхийн-Үсэг” ХХК, “Адмон принт” ХХК, “Сод пресс” ХХК, “Би Си Ай” ХХК, “Тэнгэрлэг-Үсэг” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Өнгөт хэвлэл” ХХК, “Таван богд” ХХК, “Экимто” ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэн нийлүүлж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш