УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийв.
Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдийн бүтэцтэй холбоотой зарим саналыг хүлээн авч судалж шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн төслийн талаарх санал дүгнэлтээ ирэх даваа гаригт гаргах бөгөөд хэлэлцүүлгийн шатанд бүтцийг илүү сайжруулах, засч залруулах, чамбайруулах ёстой гэж үзэж байна. Ингэхдээ Засгийн газрын оруулж ирсэн бүтцийг илүү цомхон, чадварлаг болгох, зарим яамдыг нэгтгэх боломж байгааг мэдээлсэн юм.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Яамдын тоог дахиад цөөлөх, төсөв зардлыг хэмнэх, орон тоог цомхон болгох, үүнээс гарсан хэмнэлтийг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, саатаад байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой гэдэг байр суурин дээр МАН-ын бүлэг хатуу зогсож байгаагаа Ерөнхий сайдад илэрхийлсэн. Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдийн тавьж байгаа асуудлыг нааштай хүлээн авч болох юм, эргэж ярилцана гэдгээ хэлсэн. "Эзэн"100" хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сонсож, шаардлагатай гэж үзвэл хариуцлагын асуудлыг ярина. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс тавьсан. Харамсалтай нь 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой асуудал хэлэлцэгдэхгүй явсаар 120 хоног өнгөрөөд байна. Тиймээс бүтцийн асуудал тусдаа, хариуцлагын асуудал тусдаа гэж бид үзэж байгаа" гэлээ.
МАН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн саналаас гадна зарим яамыг нэгтгэх боломжтой гэж үзжээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 11 яамтай ажиллаж байсан. Өнөөдөр Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яамтай ажиллаж байгаа. Соёлын асуудлыг Боловсролын яаманд, спортыг Эрүүл мэндийн яаманд, аялал жуулчлалыг Байгаль орчны яаманд харьяалуулж байсан өмнөх жишгээр явж болох юм гэдэг асуудлыг бид хөндөж байгаа. Түүнчлэн хүнээ хөгжүүлэх, хүнээ халамжлах, хүнээ хамгаалах бодлого цогц уялдаатай байх ёстой. Ажилгүй иргэдээ ажлын байртай болгох, тэтгэвэр тэтгэмж олгох, сургах, дадлагажуулах асуудал цогц байх ёстой. Эдгээр асуудал цогц байж монгол хүнээ хөгжүүлэх, хамгаалах бодлого илүү үр дүнд хүрнэ. Тиймээс бид Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам хоёрыг нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнээс гадна Засгийн газрын төвшинд асуудлыг яриад өнгөрөх бус агентлагийн тоог багасгах, яамдын газар, хэлтсийн даргын орон тоог цөөлөх, орлогч даргагүй болгох, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогчийн тоо хэрээс хэтэрснийг болиулах, сайд нарын зөвлөхийн тоог цөөлөх боломжтой гэж үзэж байна. Ийм байдлаар зардлыг бууруулах боломжтой. Өмнө нь 150 мянган төрийн албан хаагч байсан бол одоо 230 мянгад хүрсэн. 2008 онтой харьцуулахад төсөв их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн "Чингис" бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Засгийн газраас тодорхой ажлууд хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Засгийн газар их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдүүлсэн хэрнээ ард иргэдийн хүссэн хэмжээний үр дүн гарахгүй байна. Энэ бол төр данхайж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буйн илэрхийлэл. Энэ утгаараа орон тоог цомхон болгох, давхардлыг арилгах, төсвийн зардлыг бууруулах зорилгоор бүтцийн асуудлыг оруулж ирсэн гэдгээ Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан, өөрөө ч сая хүлээн зөвшөөрч байна" гэв.
Ж.Мөнхбат: Ерөнхий сайд алдаагаа хүлээн зөвшөөрсөн
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат бүтцийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Ерөнхий сайд бүтцийн асуудлыг оруулж ирж байна гэдэг бол хоёр жилийн өмнө байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн буруу байсан, давхардсан бүтэцтэй, төсвийн зардал үрэлгэн явж ирснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бүтцийг өөрчлөхдөө Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд болон АН нь дотоод дахь фракцууддаа бялуу хүртээх, тэдний амыг таглах байдлаар хандаж болохгүй" гэлээ. Мөн МАН хариуцлага алдсан, муу ажилласан, салбараа унагасан сайд нарыг дахин сайдаар томилохгүй гэсэн байр суурь баримтална гэдгээ илэрхийлсэн юм.
Засгийн газар хоёр Шадар сайдтай байх санал оруулж ирсэн. Гэхдээ Гадаад харилцааны сайдад заавал Шадар сайд гэсэн хачир зүүх хэрэггүй, энэ албан тушаалыг дагаад ажлын алба, зөвлөхүүд бий болох учраас төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулах ёсгүй гэж үзэж буйгаа тэрээр илэрхийлэв. Сүүлийн үед хэвлэлээр МАНАН байгуулагдах нь, МАН засагт хамтрах нь гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар намуудын хооронд яригдсан зүйл байхгүй болохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал яригдах үед сайд нарын томилгоо эзнээ олсон байх ёстойг ч энэ үеэр сануулсан юм. Тэрээр "Эзнээ олоогүй ямар ч томилгоо битгий хийгээрэй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй гэдэг саналыг бид Ерөнхий сайдад тавьсан. Монголд маш олон чадварлаг сэхээтнүүд бий. Тиймээс салбараа авч явах чадвартай хүмүүсийг сайдаар томилж, боловсон хүчний бодлогод эргэлт гаргаасай гэж хүсч байгаа" гэв.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал яригдах үед сайд нарын томилгоо эзнээ олсон байх ёстойг ч энэ үеэр сануулсан юм. Тэрээр "Эзнээ олоогүй ямар ч томилгоо битгий хийгээрэй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй гэдэг саналыг бид Ерөнхий сайдад тавьсан. Монголд маш олон чадварлаг сэхээтнүүд бий. Тиймээс салбараа авч явах чадвартай хүмүүсийг сайдаар томилж, боловсон хүчний бодлогод эргэлт гаргаасай гэж хүсч байгаа" гэв.