АСЕМ нь Ази, Европ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг.
АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог. Уг механизмыг батламжилсан ямар нэг гэрээ хэлэлцээр, байнгын ажиллагаатай зохион байгуулалтын бүтэц байдаггүй.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар өнөөдөр /2014.10.17/ энэ талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Итали Улсын Милан хотоос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахимаар холбогдож Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр Итали Улсын Милан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ийн уулзалтад оролцогчид гаргасан тухай дуулгав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улс албан ёсоор зохион байгуулах эрхийг хүлээж авлаа. Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги зэрэг орнуудаас бүрддэг дээд хэмжээний уулзалт юм. Энэ бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд хэрхэн үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Спортоор бол "Олимп" зохион байгуулах эрх авах хэмжээний чухал үйл явдал өнөөдөр боллоо. Бид энэхүү уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлаа одооноос эхлэх хэрэгтэй хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана. энэ бол бидний өмнө хүлээж буй томоохон сорилт болж байна хэмээн хэлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.