logo
Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

2014/10/22

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн  үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр /2014.10.22/ шав тавих ёслолын арга хэмжээ болов.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, төсөл гүйцэтгэгч “Их Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчулуун нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

 Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин барилгын шав тавих ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр “Энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөхөд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугчдын хүсэл зорилго ихээхэн хөшүүрэг болсноос гадна Улаанбаатар хотын бодлого ихээхэн дэмжлэг болсныг онцлон хэлмээр байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжиж ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар болон Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх газрын удирдлагууд, хамт олонд  талархаж байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөх болсон нь Баянзүрх дүүргийн ард иргэдийн дэгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй салшгүй холбоотой” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу “Их Өргөө” ХХК Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан талаар хэлээд Сансар хотхоны газар чөлөөлөлтийн ажил түргэн хугацаанд өрнөснийг онцоллоо.

Мөн тэрээр “Манай улсад дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй байгаа нь  газар чөлөөлөлтийн ажил маш түргэн хугацаанд өрнөж буйтай холбоотой юм. Япон Улсад 12 жилийн турш газар чөлөөлөх ажил өрнөж байж орон сууц барьсан  туршлага байгаа бол БНСУ-д 5 жилийн хугацаанд чөлөөлж байна. Харин манай  улсад нэг жилийн хугацаанд шийдэгдэж буй нь  манай иргэд амьдралаа сайжруулах, тавтай  тухтай орчинд амьдрах ямар их эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй байгааг илтгэж   байна” гэв.

Дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх “Их Өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдөн гэрээ байгуулж,  иргэдийн ая тухтай, аюулгүй, тохилог, эрүүл орчинг бүрдүүлсэн 1430 айлын 13 давхар, 10 блок Сансар хотхоны барилга угсралтын ажлыг  эхлүүлж байна.

Тус компани нь Сансар хотхоны барилгын зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн бөгөөд хуучин сууц өмчлөгч бүрт 5 метр.квадрат талбай үнэ төлбөргүй нэмж олгож, оршин суугчдад түр оршин суурьших байрны нөхөн олговор олгосон талаар оршин суугчид хэлэв.

Шинээр ашиглалтад орох хотхон нь  худалдаа үйлчилгээний төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байхаар гүйцэтгэгч компани төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш