logo
Хоёр ба түүнээс дээш танхимтай нийтийн хоолны газрууд тамхи татдаггүй танхимтай болох нь

Хоёр ба түүнээс дээш танхимтай нийтийн хоолны газрууд тамхи татдаггүй танхимтай болох нь

2011/09/20
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газраас хамтран "Тамхины хяналтын аяныг эрчимжүүлэе" сарын ажлыг энэ сарын 19-нөөс 10 дугаар сарын 20-ны хугацаанд хийж гүйцэтгэх юмбайна. Энэ талаар НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Б.Баярболдоос асууж лавлавал:
-Тамхи нь ердийн нэг хэрэглээний бүтээгдэхүүн биш тул тамхитай холбоотой асуудлыг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай болохыг дэлхий нийтийн туршлага харуулж, олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн талаар гарсан анхны хууль болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын / ДЭМБ/ Тамхины хяналтын суурь конвенциор / ТХСК/ зохицуулдаг.
Монгол Улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сард ТХСК-д гарын үсгээ зуран нэгдэж, УИХ 2003 оны 10 дугаар сарын 24-нд соёрхон баталснаар манай улс энэхүү конвенцид нэгдэн орсныг нь НҮБ 2004 оны 1 дүгээр сарын 27-нд баталгаажуулсан байдаг.
Монгол Улс 2005 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, тамхийг тусгай зөвшөөрөлтэйгээр худалдаалахаар тогтоосон бөгөөд Тахины хяналтын тухай хуулийг шинэчлэн баталснаар сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвгөөрлийг олгохоор тусгасан байдаг.
-Тамхины хор хөнөөлийг эцэслэн тогтоож чадсан болов уу?
-ДЭМБ-ын Тамхины хяналтын зөвлөх анх 2007 онд Монгол Улсад ирж ажиллахдаа ДЭМБ-ын бодлого болон Монгол улс ТХСК-д нэгдэн орсон ДЭМБ-ын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзахдаа анхааруулж байсан байдаг.
Учир нь тамхинаас хүний эрүүл мэнд болон нийгэм, байгаль экологид үзүүлэх хор хөнөөл нь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Монголд эрэгтэйчүүдийн 68,5 хувь, эмэгтэйчүүдийн 30,4 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг мэргэжлийн судлаачид гаргасан байгаа. Энэ нь хөгжиж буй орнуудад дахь тамхи таталтын дундаж түвшингээс өндөр үзүүлэлт. Ер нь хоёр хүний нэг нь тамхи татаж байна гэж ойлгож ч болно. ДЭМБ-аас тамхи таталтын байдлаар гаргасан судалгаагаар манай улс топ 10 улсад багтсан "амжилт гаргаад" байгаа. Энэ бүхэн нь тамхины хор хөнөөлийн эсрэг төрийн бодлог сул улс орон руу чиглэсэн тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын бодлогой холбоотой гэж судлаачид үзэж байна
-Манайтай хамт ямар улсууд шалгараад байна?
-Энэ бол дандаа хөгжиж байгаа ядуу буурай орнууд байгаа. Дээр нь тамхинаас хураах татварын хувьд хамгийн бага татвартай улсын тоонд ороод байна. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 24 хүртэлх хувийн татвартай бол бага татвартайд тооцогддог бөгөөд Монгол улс энд багтдаг. Харин Европын зэрэг хөгжингүй орнуудад тамхинаас хураах татвар нь 85 хувь ч хүрсэн байдаг л даа. Иймээс дэлхийд хамгийн хямдхан тамхитай улс гэж Монголыг үзэж болохоор байгаа.
Импортлолтын хувьд сүүлийн жилүүдэд 3200 дахин өссөн гэсэн дүн мэдээ байгаа.
-Итгэмээргүй юм?
-Тийм ээ. Энэ нь Монголд тамхины үйлдвэрүүд үүссэнээр тамхи үйлдвэрлэх болсонтой шууд холбоотойгоор тамхиныхаа түүхий эдийг гадаадаас татан авч байгаагаас үүдэлтэй. Энэ зэрэг олон шалтгааны улмаас жилээс жилд тамхидалтын хэмжээ ихсэх хандлагатай байгаа.
Ялангуяа сүүлийн үед хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүд үүнд ихээр татагдах болсон. Энэ нь олон шалтгаантай. Нийгмийн бухимдал, өөртөө итгэлгүй байх, стресс, гадаадын кино урлагийн зэрэг бүтээлүүдийн нөлөө, шүтэн бишрэгч нараа сохроор даган дууриах гэх зэрэг.
Хүний эрүүл мэндэд өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг мөн ДЭМБ-аас тогтоосон байдаг. Халдварт бус өвчнийг үүсгэж байгаа эрсдэлт хүчин зүйлсийн хоёрдугаарт тамхи орж байгаа бол харин архи тавдугаар байрыг эзэлж байх жишээтэй. Тэгэхээр тамхидалт гэдэг нь зөвхөн хувь хүн тухайн хэрэглэгчийн хувьд хор хөнөөлтэй эд төдийгүй нийгэм, багаль экологид ихээхэн үр дагавар авчирдаг зүйл болох нь ойлгогдох байх аа.  Тухайлбал, нийслэл хотыг маань утаа гамшгийн байдалд оруулж байгаа талаар дээр дооргүй ярилцдаг. Үүнтэй адил тамхидалт ч гэсэн бидний хувьд гамшгийн байдалд хүрээд байна гэдгийг ойлгох шаардлагатай байна. Энэ нь улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхийг ч үгүйсгэхгүй.
Тухайлбал сүүлийн үед уушгины хавдар, бүх төрлийн хавдрын өвчлөл нэмэгдэж буйг судлаад үзэхэд энэ нь тамхидалттай салшгүй холбоотой болох нь ажиглагдаж байгаа. Иймээс тамхидалт, тамхичид улам залуужиж буй асуудал нь яах аргагүй хурц асуудал болох нь тодорхой байна.
Дэлхийдээр тамхидалтын улмаас жил бүр 5 сая хүн нас барж байгаагийн зэрэгцээ тамхидалт нь зүрх, судасны өвчлөл, саажилт, уушги тэлэх өвчин, чихрийн шижин, хорт хавдар үүсгэх анхдагч хүчин зүйлсийнтэргүүлэгч болсоор байна. 
-Архидалт, тамхидалттай тэмцэх тэмцлийн хэлбэрээ өөрчлөн сайжруулахгүй бол олон жил ингэж тэмцээд үр дүнгээ өгөхгүй байгааг бүгд хүлээн зөвшөөрч байгаа байх?
-Тийм ээ. НМХГ, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, байцаагч нар анх удаа ийнхүү хамтран уулзаж энэ аяныг эхлүүлж байна. Хэдийгээр аль аль байгууллага нь энэхүү хорт зуршилтай тэмцдэг боловч ингэж хамт уулзаж, ажил төрөл, байр суурь, алдаа оноо, саад бэрхшээлээ хуваалцаж байна. Тамхидалттай хуучин байдлаараа тэмцэхгүй, шинэ арга барилаар тэмцэх цаг үе нэгэнт иржээ.  Тиймээс тамхидалтын хор хөнөөл, түүнтэй хэрхэн тэмцэх зэрэг бүх цогц асуудлыг багтаасан сургалтын материалуудаа бид CD-ний хэлбэрт оруулаад байна. Энэ нь олон хуудас цаас хэмнэсэн сайн талтай, шинэлэг ажил байх жишээтэй. Хэрвээ бид тамхины эсрэг хууль тогтоомжуудын хэрэгжилтэнд тавих хяналтаа л сайжруулах аваас үр дүнгээ өгөх нь гарцаагүй. Даан ч хяналтаа нэр төдий хийж байгаагаас нийгэм дэх тамхидалтын хэмжээ буурахгүй байна.
-Хөгжингүй улс орнуудын томоохон хотуудын төв хэсэгт архи худалдаалах, түүгээр үйлчлэх явдлаг хориглосон байдаг гэсэн. Үүнтэй адил хотын төв хэсэг, тухайлсан гудамж талбайд тамхи худалдаалах, түүгээр үйлчлэх явдлыг хориглож болдоггүй юм уу?
-Тийм ээ. Энэ бол хэцүү мэт санагдавч хэрэгжүүлж болох л тэмцлийн нэг хэлбэр л дээ. Тухайлбал өдгөө мөрдөж буй  хуулинд зарим нэг иймэрхүү заалт байгаа хэдий ч үүнийг мөрдөж чадахгүй байгаа. Жишээ нь "хоёр боллоод түүнээс дээш хоолны заалтай үйлчилгээний газруудын нэг танхимд нь тамхиар үйлчлэхгүй" гэж заасан байдаг. Гэвч энэ нь хэрэгждэггүй болохыг та бүхэн сайн мэдэж байгаа.  Мөн дунд сургуулиудыг тамхигүй орчин болгох нэн шаардлагатай байгаа. Учир нь ЕБС-иудын ахлах болон дунд ангийхны дунд тамхидалт ихээхэн байгаас завсарлагааныхаа цагаар хүүхдүүд 00-доо орохын аргагүй болон хувирдаг гэж байгаа. Иймээс хүүхэд багачуудаа тамхинаас нь гаргах хэрэгтэй байгаа тул бүх шатны сургуулиудаар үүний эсрэг арга хэмжээ зохион байгуулах шаардлага гарч ирж байна. Энэ чиглэлээр тухайн дүүрэг бүрийн мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллага хамтран ажил зохиодог болно. Учир нь бүх дүүргийн дээрх байгууллагуудын дунд тамхидалтын эсрэг үр дүнтэй ажлын болзолт уралдаан зарлаж, шалгуур үзүүлэлтүүдийг нь зааж өглөө.  Учир нь тамхины эсрэг хууль дүрмүүд маань төдийлөн хангалттай сайн хэрэгжихгүй байна гэж дүгнэсэн тул энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэсэн байгаа.
Тамхины хяналтын хуулиар бол тамхийг ил задгай худалдаалах, ширхэгээр худалдаалахыг хориглосон байдаг. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүүхэд багачуудад худалдаалахыг хориглосон. Тамхийг зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүд л тамхи худалдаалах эрхтэй байдаг.
Гэтэл хуулийн дээрх заалтуудын хэрэгжилт тааруухан байгаа. Тиймээс дээрх заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэе, ард иргэддээ тамхины шууд болон дам хор хөнөөлийн аюулыг ойлгуулах ажлыг сарын ажлынхаа хүрээнд хийж гүйцэтгэе гэж шийдсэн. Иймд НМХГ-аас нийслэлийн бусад байгууллагатай хамтран 2011 онд дараах ажлуудыг хийж, үр дүнд хүргэх шаардлагатай байна гэж үзсэн. Үүнд:
1. Нийслэлийн хэмжээнд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийх шалгалтыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах
2. Нийслэлд тамхи ширхэглэн зардаг асуудлыг бүрмөсөн зогсоох
3. Хоёр ба түүнээс дээш танхимтай нийтийн хоолны газруудад тамхи татдаггүй танхим ажиллуулж хэвших
4. 18 нас хүрээгүй хүнд тамхи зарах, түүгээр тамхи худалдуулахгүй байх
5. Тусгай зөвшөөрөлгүй газар тамхи худалдаалах асуудлыг бүрмөсөн зогсоох явдал юм.

С.Энх-Амар
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш