Монгол Ардын Намын Удирдах зөвлөл, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллээр хангах, тэдний санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий “Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараар ахлуулсан ажлын хэсэг аймаг, нийслэл, дүүрэгт очиж ажиллах юм.
Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-нд Дорноговь аймгаас эхэлж, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймагт үргэлжилжээ. Мөн энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт “Иргэдийн цаг” аян үргэлжлэн явагдлаа.
МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Д.Энхтөр, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар нар Сүхбаатар дүүргийн ард иргэдтэй уулзаж, иргэдийн аж амьдралтай танилцан, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Иргэд Шинэчлэлийн Засгийн газрын оновчгүй, буруу, алдаатай бодлогын хор уршгаар иргэдийн аж амьдрал доройтож, дотоодын үйлдвэрлэгчид, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж, иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа тухай бухимдалтай ярьж байна.
-Сүхбаатар дүүргийн 14-р хорооны Г.Нямдорж : Инфляци, мөнгөний ханшаа бариач ээ
-Өргөн хэрэглээний барааны үнэ ихээхэн нэмэгдэж байна. Тэтгэвэр тэтгэмжээ нэмж чадахгүй бол инфляци, мөнгөний ханшаа бариач ээ. Ард түмэн чинь ядуурч туйлдаж гүйцээд байна. Барааны үнэ нэмэгдчихээр бидэнд тэтгэвэр юу ч болохгүй, хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ.
-Сүхбаатар дүүргийн 14 хорооны иргэн Б.Саранцэцэг: Тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна
-Энэ дээдэс маань хогны ногоон уут гээд л их мөнгө үрэх юм. Ядаж тэтгэврийг минь нэмээд өгөөч дээ. Би хэвтрийн хоёр хүн гэртээ асардаг. Би халамжийн 115 мянган төгрөгөөр амьдрах уу? Ядаж л 300 мянган төгрөг авмаар л байна. Хамгийн үнэ цэнэтэй юмаа ломбарданд тавиад эргээд авч чадахгүй үнэхээр хэцүү байна. Хямдхан гургалдай авч идэж байна. Хүмүүс шоолох л юм. Амьдралын эрхэнд самар түүж зарж байна. Заруулахгүй гэж хөөж туух юм. Хэцүү л байна.
-Сүхбаатар дүүргийн 14 хорооны иргэн Ш.Эрдэнэцэцэг: Би одоо шоронд орох гэж байна
-АН Засгийн эрхэнд гарснаас хойш амьдрал бүр долоо дордчихлоо. Махны үнэ өсчихсөн. Би мах зардаг. Нохойн хоол худалдаж аваад хоол хийж иддэг хүмүүс зөндөө байна. Захын хорооллын амьдрал хүнд байна. Гудамж талбайд юм заруулахгүй ээ гээд байдаг. Бид юм зарж л байж амьдралаа залгуулж авч явна. Дуртай нь ирээд торгууль авдаг. Хоолоо олж идэх гээд л ядарч байна шүү дээ. Би өмнө нь осол гаргаж шоронд сууж байсан. Гэтэл би саяхан машиныхаа арын тээшинд жаахан түлэнхий мод ээждээ аваачиж өгөх санаатай авч явж байгаад цагдаад баригдсан. Дахиад л шоронд орох гэж байна. Амьдрал ийм л байна. Монголын хууль ядарсан бидэнд сайн үйлчилж байна. Олон хүн энэ долоон буудалд самар зарж амьдардаг. Бид чинь архи уугаагүй агсам согтуу тавиагүй. Би мод ачихдаа гоожинтой байсан. Бас холбогдох албан тушаалтай хүнд нь 100 мянган төгрөг өгсөн юм. Засаг барьж байгаа хүмүүс яагаад ард түмнийхээ төлөө санаа бодлыг нь сонсохгүй байгаа юм бэ. Би өдөр бүр торгуулийн хуудас авч байна. Зөвшөөрөлтэй мод авч явсан хэрнээ л жирийн нэг иргэн шоронд орох гээд сууж байгаа юм. Ойн байцаагчийн туслах нь, мөн доод албан тушаалтнууд их хүнд сурталтай байна. Би үнэхээр их гомдож байна. Би худлаа хэлээгүй хүн хороогоогүй эгэл жирийн амьдралынхаа төлөө л зүтгэж яваа хүн. Би өмгөөлөгч авч чадахгүй өрх толгойлсон ядуу эмэгтэй. Намайг хэн ч ажилд авахгүй шүү дээ. Амьдрал ийм л байна. Төрд гомдож байна. Төрийн томчууд маань харж үзээсэй арай хэтэрлээ. Хорооны дарга гээд захын авгай ирээд л торгоод л явж байна. Бид чөлөөтэй бараагаа зармаар байна шүү дээ.
-Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн Б.Даваасүрэн: Үйлдвэртэй болох хэрэгтэй
-Өнөөдрийн зугаа цэнгэлийг хөөж эх орныхоо ирээдүйг зараад байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг танил талаараа авчихдаг учраас зогсоох хэрэгтэй. Би “Улс төрд шинэ манлайлал” гээд нэвтрүүлэгт оролцож байгаа. “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан. Нэгдүгээрт, хүнээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд түүнд юу багтах вэ гэхээр боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалт гэх мэт үзүүлэлтүүдийг авч үздэг. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хороо, дүүрэг бүр томоохон үйлдвэртэй болох хэрэгтэй юм байна. Түүнээсээ хүн бүр хувьцаа эзэмшээд явчихдаг байх юм бол ахмад, залуу, дунд үе орлоготой болно. Энэ талаар хорооны болон дүүргийн Засаг дарга нар уулзахгүй байна. Жил бүр зуухны бизнес л хийж байна. Утаа багасахгүй хэцүү байна.
-Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Б.Норзон: Хороо ажлаа хийхгүй, хүнд суртал гаргадаг
-Өнөөдөр оюутны төлбөр нэмэгдлээ. Өнгөрсөн жил миний ач охин нэг сая төгрөгөөр сурдаг байсан бол гурван сая болчихлоо. Над шиг хүмүүс олон байгаа. Мөн төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар төр маань ярилцлаа. Чагналаа. Тэтгэвэр тэтгэмж, цалингийн санг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж байна. Тооцоод үзэхэд яг амьдрал дээрээ 30-45 мянган төгрөгөөс хэтрэхгүй юм билээ. Тэгэхээр энэ худлаа. Энэ бүхнийг бодоод үзэхэд УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын явуулж байгаа бодлогод шүүмжлэлтэй хандаж байна. Ард иргэддээ хороо нь хүрч ажиллаж чаддаггүй хүнд суртал гаргаж байна.
Иргэд ингэж ярилаа. Сүхбаатар дүүргийн иргэд Шинэчлэлийн Засгийн газар болоод нийслэл, дүүргийн үйл ажиллагаанд хангалтгүй дүн тавьж байна