Стив Жобсыг залгамжилж, Apple-ийн гүйцэтгэх захирал болсон Тим Кук ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд анх удаа зарлалаа. Өөрийнх нь хэлснээр "Бурхны өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг"-ийн талаар юу гэж ярьсныг орчуулан хүргэж байна.
"Мэргэжлийн карьерынхаа туршид би ихэнх хүмүүсийн адилаар хувийн амьдралынхаа талаар дэлгээд байхыг хүсдэггүй байсан. Би энгийн гаралтай нэгэн, бусдын анхаарлыг татах нь ч миний сонирхол биш. Apple аль хэдийн олон улсад хамгийн их анхаарал татсан компаниудын нэг болсон. Би компанийнхаа бүтээгдэхүүнүүдэд анхаарал хандуулж, тэдгээрийг хэрэглэн үйлчлүүлэгчид маань итгэмээргүй амжилтанд хүрч буйг харах дуртай. Үүнээс гадна Мартин Лютер Кингийн "Амьдралын хамгийн нэн зайлшгүй асуулт бол Та бусдын төлөө юу хийж байна вэ гэдэгт оршдог" гэсэн үгэнд чин сэтгэлээсээ итгэдэг. Би ихэвчлэн энэ асуултаар өөрийгөө сорьдог юм. Хувийн амьдралын талаарх миний хүсэл бодол илүү чухал зүйл хийхийг маань үргэлж арагш чангааж байгааг анзаарсан. Ингэсээр ч өнөөдрийг хүрлээ. Олон жилийн турш би бэлгийн чиг хандлагынхаа талаар хүмүүстэй илэн далангүй байсаар ирсэн, Apple дахь хамтран ажиллагсад дунд намайг ижил хүйстэн гэдгийг мэдэх хүн олон бий. Энэ нь ч тэдний надад хандах хандлагыг өөрчлөөгүй юм шиг санагддаг. Би бэлгийн чиг хандлагаа үгүйсгэж байгаагүй ч олон нийтийн өмнө үүнийгээ зарлаагүй байсан. Тэгэхээр тодорхой хэлье. Би ижил хүйстнээ сонирхогч гэдгээрээ бахархдаг. Бурхны өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг нь энэ гэж боддог."
РАЛЬДИЙ.А /shuum.mn/