logo
 “Түүхийн үеүд дэх Турк, Монголын харилцаа” сэдэвт олон улсын бага хурал болов

“Түүхийн үеүд дэх Турк, Монголын харилцаа” сэдэвт олон улсын бага хурал болов

2014/11/12

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Хажеттепе их сургуульд Монгол хэл, соёлын анхны төв байгуулагдсантай холбогдуулан “Түүхийн үеүд дэх Турк, Монголын харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд болж, Турк, Монголын эрдэмтэн багш, судлаачид нийт 13 илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хурлыг Хажеттепе их сургуулийн ректор, профессор А.М.Тунжер, тус сургуулийн Турк судлалын институтын захирал, профессор Ю.Коч нар нээж, үдээс өмнөх хуралдаанд Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо “Эртний монгол бичгийн дурсгалууд”, Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлагийн /ТИКА/ дэд дарга М.Сүрейяа Эр “Турк, Монголын харилцааг хөгжүүлэхэд ТИКА-гийн гүйцэтгэж буй үүрэг, оролцоо”, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Батхишиг “Гуравдагч хөршийн бодлого ба Монгол, Туркийн харилцаа”, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор С.Цолмон “Алтан ордны хаадын тамга, түүний учир холбогдол”, Хажеттепе их сургуулийн Монгол хэл, соёлын төвийн эрхлэгч, доктор Б.Гүл “Араб үсгээрх монгол хэлний толь бичиг”, МУИС-ийн Түрэг судлалын тэнхмийн эрхлэгч, профессор Ц.Баттулга “Монгол дахь Түрэг судлал”, ТИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Э.Калан “Монгол түүхийн бичвэр ба монгол хэлний гарал үүсэл” Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр “Ил хаант Монголын харилцаа” сэдвээр тус тус илтгэл тавив.

Академич Д.Төмөртогоо Туркт Монгол судлалын анхны төв байгуулагдсанд баяр хүргээд Олон улсын монгол судлалын холбоо, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МУИС-иас бэлэглэсэн монгол судлалын тухай ном, эрдэм шинжилгээний сэтгүүл, эмхэтгэлүүдийг профессор Ю.Кочид гардуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш