logo
”Оюутны үдийн зоог” хөтөлбөр хэрэгжүүлье

”Оюутны үдийн зоог” хөтөлбөр хэрэгжүүлье

2011/09/23
Оюутнууд гэж хайр татсан хүмүүс байна. Заримдаа ч сайхан юмаа гэж атаархмаар. Оройтоогүй дээрээ оюутан болж, эрхбаригчдын хайрыг хүртэж эрхлээд авдаг ч юм билүү. Ирэх жил сон¬гууль болох учраас оюутнуудад одооноос долигнож байхгүй бол горьгүй нь.

Нэр төртэй, нийгэмд хэрэгтэй хүмүүс оюутнуудаас өөр алга. Тэдэнд бүх юм нээлттэй, харин бусдад бүх юм хаалттай. Тийм болохоор л эрхбаригчид оюутнуудыг онцгойлж үздэг байх.

Автобусанд үнэгүй зорчино, цалин авна, бас сургалтын мөнгөнийхөө талыг төрөөр даалгачихна, үнэ төлбөргүй жилдээ нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдана, бүр адаглаад бэлгэвчиндээ хүртэл мөнгө зарцуулах шаардлага гарахгүй. Арванхоёрдугаар сарын 1-нд оюутнуудад жилийнх нь бэлгэвчний хэрэгцээг нь хангаад өгчихдөг байх¬гүй юу. Жилийнхээ бэлгэвчнийхээ хэрэг¬лээнээс илүүчлээд ТҮЦ-энд зарж, тамхины мөнгө олчихдог гэж байгаа. Бас л сэргэлэн нөхөд шүү. Үдшийн шоуныхаа мөнгийг л олж байвал ДОХ тусахаас ч манай оюутнууд айхгүй л дээ. Магтууштай л зан.

Архайсан залуучууд автобусанд уралдаж ороод унтаад явж л байвал уурлах хэрэггүй. Таяг тулсан өвгөн, тахир дутуу залуу, бяцхан охиноо тэвэрсэн ээж, бариулаас зүүгдэж ядах жирэмсэн эх автобусанд зогсч явах нь хэнд юуны хамаатай. Оюутнууд амарч байхад олон юм ярьж сэрээж болохгүй. Эвгүйтвэл эрхбаригчид оюутнуудын таксидах мөнгийг нь төсвөөс гаргаж, татвар төлөгч та бүхний ачааллыг нэмчихэж магадгүй.

Автобусанд унтаж яваа оюутныг сэрээснээс арсланг уурлуулсан дээр байх оо. Хөөрхийс минь хөлөө эцтэл шөнөжин бүжиглэчихсэн болохоор авто¬бусанд аль болохоор амраад авах хэрэгтэй биз дээ. Хүүхэд хөгшдийн хөл нь өвдөнө, хөшнө гэх юм биш. Унаж тусна уу гэхээс уурлаж барина гэх биш. Тэгэхээр анхаар, оюутнууд амарна гэсэн бичиг автобусанд хадчихвал бүр гоё доо.

Өдөржин гадуур явж, шөнөжин шоудсан тэд үнэндээ ядардаг биз дээ. Одоо ингэхэд оюутнуудад үдийн зоог өгвөл яасан юм. Ядарч байгаа биз, өдөр нь хичээлд, шөнө нь дисконд явахаар өнөөх 70 мянга төгрөгийн цалин хаана нь ч хүрэхгүй биз. Үнэндээ оюутнууд байхгүй бол олон баар, зоогийн газар үүдээ хаах байх. Тэгэхээр оюутнуудад үдийн зоог өгвөл үнэхээр “саак” хангамж болно шүү. “Оюутнуудын үдийн зоог” хөтөлбөрт ганц нэгхэн зуун грамм, ганц нэг лаазтай шар айраг шигтгэчихвэл тэгээд бүр болоод явчих нь тэр. Хичээлдээ ядарсан хичнээн оюутанд сэргээш болох юм билээ хэн мэдэх вэ дээ. Хичээл хийхэд хэцүү шүү дээ, хөөрхийс. Багш нар гэж “балай” юмнууд лекц уншаад, нервтүүлдэг хойно.

Ер нь ингэхэд хүүхдүүдэд үдийн цай өгөх хэрэг байна уу. Үнэндээ тэд чинь сонгуульд оролцож чадахгүй шүү дээ. Тэгж байснаас оюутнуудыг онцгойлсон нь дээр байх аа. Тэд чинь санал өгөх эрхтэй. Тэгэхээр “Үдийн цай” хөтөлбөрийг өнөөдрөөс оюутнуудад олгож эхлэе. Яадаг юм, ямар эрхбаригчдын халааснаас мөнгө нь гарч байгаа биш. Хэ хэ хэ.

А.Шархүү
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш