logo
О.Чулуунбат: Сонгуулийн үнэртэй төсвийн тодотгол болох гээд байна

О.Чулуунбат: Сонгуулийн үнэртэй төсвийн тодотгол болох гээд байна

2011/09/23
УИХ-ын хаврын чуулган. завсарлаж, тал тал тийшээ тарсан түшээд саяхнаас Төрийн ордондоо морилж эхэллээ. Ажилдаа ирж, ордондоо заларсан түшээдийн нэг УИХ-ын гишүүн 0.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцав. Тэрбээр дэлхийн зах зээлээс том мөнгө босгохыг чухалчилж байлаа.
-Сонгууль дөхөх тусам Сонгуулийн хуулийн шинэчлэлийг гишүүд түгшсэн байдалтай хүлээх боллоо. Пропорциональ, мажоритарын аль нь манай нөхцөлд тохиромжтой юм бол. Түүнчлэн зарим гишүүн намынхаа зүтгүүлж байгаа хувилбараас өөр санал бодолтой байх юм. Ардчилал хөгжсөн олонх оронд пропорционалийг сонгодог гэсэн. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Намын бүлгүүд пропорциональ системээр тохиролцсон ч, хувь дээрээ санал нэгдэж чадалгүй хаврын чуулганыг ардаа үдсэн. Намын дарга нарын тохиролцсоноор намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудал болгосон нь том ач холбогдол өгч байгаа хэрэг. Өнгөрсөн сонгуулиудыг харахад нийгмийн их гомдол, бухимдал үүсгээд зогсохгүй сонгогчид хоёр тийш харайх үзэгдэл ажиглагддаг. Энэ нь хэт жижиг мажоритар системээс үүдэлтэй. Тэгэхээр пропорционалийн сайн тал нь юу вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Одоогийн жижиг тойргоор сонгогддог гишүүд тойрогтоо анхаарал хандуулдаг, амлалт өгдөг, тэрүүхэндээ ажилладаг болохоор жижигхээн тойрог, цөөн хүн амд санаа тавих жишээтэй. Ийм 76 хүн УИХ-д  ирчихээд өөр өөрийнхөө тойрог руу чиглэсэн жалга довны сэтгэлгээгээр бодлого явуулах гэж тэмцдэг. Бусад оронд жижиг тойргоор сонгогдлоо ч, улс орны хэмжээнд сонгогддог тусдаа бүтэцтэй. Тухайлбал, хоёр танхимтай АНУ-ын Конгресс нь манайхтай адил жижиг жижиг тойргуудаас 435 гишүүн сонгодог байхад Сенат нь том тойргоос сонгогддог.
Жишээ нь, Калифорн гэхэд 40 сая хүнтэй. Тэгэхэд хоёр гишүүн л сонгогддог. Тиймдээ ч улсын хэмжээнд өргөн хҮрээнд сэтгэж, бодлого тодорхойлдог улс ирдэг л дээ. Харин ХБНГУ-д үүнийг хоёр танхимтайгаар биш нэгийг нь намын журмаар сонгодог. Намаар сонгогдсон улс гудамж, тосгоны буюу манайхаар дов жалганы сэтгэлгээгээр ханддаггүй. Улс орны хэмжээний том сэтгэлгээтэй. Гэтэл манайд яг энэ чанар үгүйлэгдээд байна. Одоо гэхэд л 76 хүн төсөв дээр маргалдаж, бага бага мөнгө хуваарилуулчих гээд л үздэг. Тойрогтоо ганц нэг санхүүжилт авбал тэр нь гавьяа. Гавьяа байгуулсан нь үнэн л дээ. Гэвч улс орны хувьд ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалтыг тойрог руугаа татах нь утгагүй. Үүнийг пропорциональ системийг сонгож байж гэмээнэ өөрчилнө. Тиймээс манай нам дэмжиж байгаа юм. Би ч дэмжинэ.
-Пропорциональ байхаар тохиролцсон ч нам, хүний нэр дугуйлах дээр санал зөрөлдөж гацаа үүсгэсэн. Энэ талаар?
-Аль намын хүн дугуйлагдсанаар пропорциональ тооцогддог. Түүнээс биш нам дугуйлах нь.асуудал биш. Тухайлбал, 76 хүн дэвшүүлээд манайхаас 40 гишүүн гарлаа гэхэд 52 суудал авах жишээтэй. Гэхдээ тэр 40-өөс 20 нь орох юм. Харин үлдсэн нь намын сонголтоор орно. Ингэж хэрэгтэй хүмүүсээ нам оруулснаар дов жалга боддог нөхдүүд орж ирэхгүй. Монгол Улсад ямар шийдвэр, шийдэл ашигтайг сэтгэдэг хүмүүс орно гэсэн үг.
-Гэхдээ нөгөө талаас нь үзвэл мөнгөтэй нь орох үүд хаалга нээгдэх юм биш үү. Түүнчлэн намын даргын эрх мэдэл ихсэж, зөв хүн сонгоход сөргөөр нөлөөлмөөр санагдаад байна?
-Намын дарга санал болгож болно. Гэхдээ автоматаар гар өргөөд батлахгүй шүү дээ. Манай нам гэхэд Бага хурлаараа нууцаар санал хураалт явуулдаг дүрэм, практиктай. Ардчилсан нам ч адил. Гэхдээ мөнгө төгрөг, намдаа хэр зүтгэсэн зэрэг фактууд нөлөөлөх байх л даа.
-УИХ-ын гишүүдийн тоог нэлээд хөндөцгөөж байна. Хүн амын өсөлт, төвлөрөлтөөс шалтгаалан нэмэгдүүлэх шаардлага гараад байх шиг. Хэд байх нь зөв юм бол. Эсвэл магадгүй намуудын сонирхлоос үүдсэн асуудал юм болов уу?
-Үүнтэй санал нэг байдаг. Анх 1991 онд Үндсэн хууль баталж байхад Монгол Улсын хүн ам 2.1 орчим сая байсан. Гэтэл одоо 2.8 сая болж нэмэгджээ. Үүнтэй уялдуулаад хүн амаа "төлөөлөх хууль тогтоогчдыг нэмэгдүүлэх ёстой. Уг нь ярих л асуудал. Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг. 1992 оноос хойш бараг 20 жил өнгөрөхөд манай эдийн засаг, улс төрийн амьдралыг тогтворжуулах, баталгаажуулахад чухал үүргээ гүйцэтгэчихсэн. Энэ Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн дийлэнх нь тэтгэвэрт гарчээ. Баталж байх үед төрсөн хүүхдүүд улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн идэвхтэй амьдралд орсон шинэ үе гарлаа. Тиймээс ямар Үндсэн хуулиар амьдрахыг хүсэж байгааг нь бодолцож, энэ хуулиасаа салах хэрэгтэй биз дээ. АНУ-д ч ийм байдал харагддаг юм билээ. Өнгөрсөн 200-300 жилийн түүхийг нь хараад байхад Үндсэн хуульдаа цөөхөн өөрчлөлт оруулсан. Гэхдээ 20 жилд нэг удаа хийсэн байдаг. Яагаад гэхээр нэг үе солигдож байгаа юм. Магадгүй шинэ үе ахмадуудын хийсэн дүрмээр амьдрахыг хүсэхгүй ч байж болно шүү дээ. Цаг үеийн өөрчлөлтүүдийг оруулж байх ёстой.
-Энэ жилийн төсөвт нэлээд хуримтлал үүсжээ. Гэтэл ийш тийш цацах янзтай болчихлоо. Олон улсын валютын сангаас төсөвт нөхөөс хийх шаардлагагүй, халалт үүсэхээс0 болгоомжлохыг зөвлөсөн. Уг нь энэ мөнгийг дараа жилийн төсөвт тусгах нь зөв юм шиг санагддаг. Цаг хугацааны хувьд ч гэсэн бүтээн байгуулалт хийх улирал өнгөрчээ. Төсөв, санхүү сайн мэддэг хүний хувьд юу гэж бодож байна?
-Ирэх жил сонгуулийн жил. Одоо төсөвт өөрчлөлт хийе гэхээр ирэх сонгуулийн үнэртэй төсвийн тодотгол болох гээд байна. Тэгэхээр болгоомжтой хандах хэрэгтэй. Төсөв, санхүү, мөнгөний харьцангуй тогтвортой байдлаа хамаагүй эвдэж болохгүй. ОУВС-гийн зөвлөмж зөв. Бид аль болохоор мөнгийг гамтай, ухаантай, хэмнэлттэй зарцуулах ёстой. Мөнгө байхын хэрээр тарааж, цацаад байж болохгүй. Энэ 21 мянган төгрөг тус өгөхөөсөө илүү ус болж байна. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож, мөнгө буунгуут ихэнх нь архи худалдаж авдаг.
Зурагтаар хүртэл энэ мөнгөөр амьдарч байгаагаасаа илүү архидах нь илүү болсныг шүүмжилж байна. Хятадын эдийн засаг өсөх тусам манай эдийн засгийг чирч байгаа. Энэ таатай боломжийг ашиглаад Монгол Улс санхүүгээ бэхжүүлээд авах ёстой. Хэрвээ илүү мөнгө гарах юм бол шал дэмий үрж байснаас өрөө төлсөн нь дээр. Даатгалын сан, нийгмийн даатгал, тэтгэврийн санд Засгийн газар маш их өртэй байж үүнийгээ төлөх хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн ямар иргэнд мөнгөн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг ч шийдэх нь чухал. Хавтгайруулан тараах бус хүүхэд, өндөр настанд олгомоор юм. Харин хөдөлмөрийн насныхныг ажилтай болгох нь зөв. Эсэргүүцээд жагсаж байсан ч мөнгө өгч болохгүй. Ядахдаа Улаанбаатарын хогийг цэвэрлүүлээд мөнгө өгдөг болмоор доо. Зүгээр мөнгө тараах нь Засгийн газрын бодлого биш.
-Тавантолгой тойрсон тааварлашгүй асуулт анхаарал татаж байгаа. Урд, хойд хөршдөө хувь оноосон ч, гуравдагч хөршдөө амсуулсангүй. Үүнд гоморхсон улс эхнээсээ саналаа илэрхийлж байна. Түүнчлэн БНХАУ-д хөрөнгө оруулах 40 хувийг оногдуулсан нь тус улсын бодлого манайд хэрэгжих, магадгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц сөрөг асуудал болох нь. Үүнийг та ямар өнцгөөс нь харж байна?
-Хүссэн, хүсээгүй Монгол Улс хоёр том гүрний дунд амьдардаг, дэлхийн геополитикийн сонирхлын төвд байгаа орон. Гэхдээ заавал тэр том гүрнүүдэд ая тал засаж, эрх ашигт нийцэж байх ёсгүй л дээ. Ёсгүй гэдэг нь сөрөөд зогсоод бай гэсэн үг биш. Хамгийн эхэнд Хятад, Орос хоёртойгоо эвтэйхэн бодлогоор харилцах  ёстой. Энэ хоёртой найрамдалтай, эвтэй .байхгүйгээр нэг их сайн сайхан амьдрахгүй. Хэрвээ  гуравдагч түнш байх юм бол түүнийг ' сайн дэмжих л ёстой. Ингэж байж дэлхийн эдийн засгийн даяарчлалд нэгдэнэ биз дээ. Яах аргагүй энэ шугамаар даяарчлалд орно. Тавантолгой дэлхийн зах зээлд байр суурь эзлэхээр том төсөл учир ийм бодлогоор төрийн шийдвэр гарах ёстой гэж би үздэг. Гол нь Монгол Улсынхаа эрх ашгийг бодож. шийдвэр гаргах нь чухал. Түүнээс биш бусад орны эрх ашгийг эхний ээлжид тавих шаардлагагүй. Хэрвээ Монгол Улсад . ийм ашигтай байгаагаас энэ шийдвэрийг  гаргалаа гэхэд манай хоёр хөрш, гуравдагч түншүүд дургүйцээд байхгүй байх. 
-Улс төрийн чанартай асуудлаа өөрчилье. Та Барилгын ассоциацийн ерөнхийлөгч. Барилгын бүтээн байгуулалт өрнөлөө ч, иргэдийг орон сууцжуулах нь тааруу байна. Тухайлбал, 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр олон барилгын компанийг сөхрүүлэхээ шахсан. Хэдийгээр хямрал нөлөөлсөн гэх боловч улсын бодлого муугаас гэж үзэцгээдэг. Гэтэл үүнийгээ тэлээд 100 мянган айлын орон сууц болгочихлоо. Аймшигтай нь стандарт, чанар муугаас эхнээсээ нурж ч байх шиг. Энэ олон мянгуужингийн үлгэр иргэдийг орон сууцтай болгох болов уу?
-Манайх уул уурхайгаас орлого олж байгаатай холбоотойгоор барилгын тэсрэлт болж байна. Энэ их орлогоос хүмүүсийн .амьдралд шингэж байх ёстой шүү дээ. Тэхдээ 40, 100 мянган айлын орон сууц гэж баталчхаад суугаад байвал үр ашгаа өгөхгүй. Үүнийг дэлхий даяар шийдсэн .гол арга нь орон сууцны барьцаат зах зээл буюу моргейжийн зээл. Үүнийг манайх аль хэдийнэ бий болгох бололцоотой байсан. Засгийн газарт том мөнгө босгох чадвар байна уу, байна. Дэлхийн зах зээлээс том мөнгө босгоод арилжааны банкнуудын орон сууцны бух барьцаат зээлийг худалдаад авчих хэрэгтэй. Банкнууд дараа нь дахин . зээл олгодог. Ингэснээр хүү буурна, зах зээл тэлнэ, олон айл орон сууцтай болно. Дэлхий даяар ингэж ард иргэдээ хангадаг юм билээ. Гэтэл манай Засгийн газар мөнгө, олохоороо ард иргэдэд зарцуулж байна гэж бэлнээр тараахаар оролдоод байдаг. Жижиглэн дээр ингэж ажиллах нь хэрэггүй. Энэ бол хамгийн арга ядсан, ашиггүй, авилгад идэгдсэн зүйл. Энэ маягаар цааш хол явахгүй шүү. Гэхдээ үүнийг ойлгосон Засгийн газар маш хурдан орон сууцжуулж чадна. Харамсалтай нь манайх өнөөдрийг хүртэл энэ шийдэлд хүрч чадахгүй байна.
-Тэгвэл хамгийн эхэнд мөнгө босгох арга нь юу юм бол?
-Уул уурхай. Дэлхийн  хэмжээний чанартай сайн төсөл байгаа учир мөнгө босгож болно. Мөн улс төр, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал. Түүгээр ч зогсохгүй орон сууц өөрөө их мөнгө босгох боломж. Өнөөдрийн байдлаар орон сууцны барьцаат зээл банкнуудад бараг нэг их наяд төгрөг байна. Үүнээс муу зээл хэд байна гэхээр 0.5 хувиас их биш байсан. Хүмүүс орон сууцнаасаа хөөгдөхгүйн тулд төлбөрөө сайн хийдэг тул итгэлтэй салбар. Тэгэхээр ийм найдвартай юмаа дэлхийн зах зээлд хямдруулаад зарчих хэрэгтэй. Тэглээ гээд орон сууцаа гаДаадад зарж байгаа хэрэг биш. Манайхан дандаа тэгж ойлгодог. Уул уурхайг.ч гэсэн. Дэлхийд үүнээс өөр сонгогдсон сайн арга олоогүй л байхгүй юу. Тухайлбал, АНУ-ын 14 их наяд долларын өрийнх нь 10 их наяд нь иргэдийн орон сууцны барьцаат зээл байдаг.
-Гэхдээ манайхан улс орон, хөгжил гэхээсээ түрүүлээд "Би" л гээд байдаг. Тийм бодлого заримд нь ашиггүй болохоор хийдэггүй байх л даа. Үүнийг яаж өөрчилж болох бол?
-Ийм хэцүү цагт хүн бүр "Би" гэх байх. Гэхдээ мэдлэгтэй, боловсролтойгоо сонсох ёстой. Тэгэхгүй бол дэлхийн зах зээл гэхэд юу ч мэдэхгүй хүн-хамаагүй, бүр шал эсрэг юм яриад "од" болоод байна. Энэ дэлхий дээр ганцхан Монгол амьдраагүй шүү дээ. Бүр 300 жил феодализм, капитализмаар явж, өндөр хөгжсөн орнууд бий. Тэдний туршлагаар явах хэрэгтэй.
-Ингэхэд орон сууцны үнэ, ханшийг бууруулж болдоггүй юм уу. Хүндрэлтэй байна шүү дээ?
-Том хэмжээгээр мөнгө оруулж чадахгүй бол хямдрахгүй.
-Компаниуд хэт ашиг хөөснөөс бас болдог гэх юм...
-Хэд хэдэн зүйл нөлөөлдөг. Санхүүжилт их үнэтэй байна. Барилгын зээл авахаар жилийн 20 хувийн хүүтэй олдож байгаа нь эргээд ханшийг тийм хэмжээгээр нэмэгдүүлдэг. Мөн Замын-Үүд, Эрээн дээр материал сар шахам гацдаг. Үүнийг Засгийн газар чөлөөт эдийн засгийн бүсээр шийдчих бололцоотой ч одоо хүртэл шийдсэнгүй. Тэгэхээр тэнд байнгын гацаатай, хөлдөөстэй хилийн боомт байх нь зарим хүний эрх ашигт нийцэж байх магадлалтай. Магадгүй тийм санаагаар шийддэггүй байх. Тэнд зохицуулалт хийгээгүйгээс энд үнэ өсөхөөс аргагүй.
-Манай хот тэлэхгүй юм. Зөвхөн нийслэлийн төвдөө шамбааралдаж, хүүхдийн тоглоомын талбай булааж, байшин хоорондын алга дарам газар байшин барих юм. Үүнийг ассоциаци тэргүүлдэг хүний хувьд юу гэж боддог вэ?
-Нью-Йорк, Шанхай, Токио ч юм уу, том хотуудыг харахад өөрсдөө санхүүгийн мэдэлтэй байдаг. Бүх дэд бүтцийг нь барьж өгөөд дараа нь компаниудад газраа зардаг. Гэтэл манайх ямар ч эрх мэдэлгүй, төсвөөс бүгдийг зохицуулдаг. Сангийн яам, 76 гишүүн иймэрхүү маягаар Монголын бүх мөнгийг хуваарилдаг. Уг нь Ховд, эсвэл Дорнодод ямар мөнгө хуваарилахад би оролцоод хэрэггүй биз дээ. Тэгэхэд тэндхийн нэг сургуулийн дээврийн засварыг шийдэх гэж УИХ-ын гишүүд заримдаа хэдэн цаг маргалддаг.
-Энэ нь хэн нэгэнд ашигтай байдаг байх. Үүнийг өөрчлөх аргагүй юу?
-Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарт хуваарилалт хийдэг. Энэ нь тендер зарлаад өөрсдөө шалгаруулдаг хэдхэн хүнд ашигтай. Тэдэнд бол бөөн бизнес.Ингээд орон нутагт эрх мэдэл шилжүүлэх гэхээр түүнээсээ салахгүй зууралдсаар 20 жил боллоо. Үүнийг өөрчлөхгүйгээр Засгийн газрын хэдэн нөхөр мөнгө хуваарилж, эрх мэдлээ төвлөрүүлэн байж халаасны мөнгө хийснээр хол явахгүй ээ. Энэ хэзээ нэгэн цагт дэлбэрнэ л дээ.
-Цөмийн хог хаягдлыг Монголд булшилвал ашигтай гэх юм. Уг нь их хэмжээний мөнгө олдог бололтой. Энэ нь мөнгө олох бас нэг боломж биш гэж үү?
-Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар Монголд цөмийн хог хаягдал булах, тээвэрлэхийг хориглочихсон. Маргалдаад байх ямар хэрэгтэй юм бэ, хориглочихсон байхад. Хуулиар хориотой байхад хэн ч оруулж ирж чадахгүй шүү. Гэхдээ цаана нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлийн компанит ажиллагаа явагдаад байгаа болов уу гэж боддог. Монголын уул уурхай, ураныг унагах.
-Гадаадынх уу...
-Аль нь ч байж болно. Магадгүй Монголд уул уурхайн дахин хуваарилалт хийх сонирхолтой хүмүүс байж ч болох. Бидний мөнгө хийдэг ганц салбар нь уул уурхай. Тиймээс уул уурхайг муу муухай гэсэн янз бүрийн мессеж байнга шидээд байгаа биз дээ. "Уул уурхай Монголыг "алж" байгаа" гэсэн.
-Тэгж үзэж болохгүй байх. Өөр мөнгөжих боломж Монголд байхгүй шүү дээ. Олон компанийн үйл ажиллагааг хааснаас нинжа нар олноор нэмэгдэж байгаль орчин сүйтгэх нь ихэслээ. Уг нь хариуцлагатай уул уурхайтай байх нь зөв юм биш үү?
-Уул уурхайг буруугаар ашиглаж байгаатай нь тэмцэх зөв. Үүнийг хийх гэж бүр олон нинжа гаргасан. Зохион байгуулалттай уул уурхайг хааж, зохион байгуулалтгүй хэдэн түмэн нинжаг бий болгоно гэсэн бодлого яваад байгаа юм болов уу даа. Зохион байгуулалттай уул уурхайг хаагаад байвал нөгөө нинжа нар чинь бүгд хүрзээ бариад гарчихна. Энэ тэгээд зөв үү. Ямар ч хяналтгүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар төлдөггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахидаггүй нь Монголыг анархи байдалд оруулсан уул уурхай руу чирч байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олгохыг зогсоосон. Энэ хэр зөв алхам юм бол?
-Ерөнхийлөгч зөвхөн хуулиа тодорхой болгох саналыг УИХ-д тавьсан. Тухайлбал, урт нэртэй хууль батлагдсан ч юм шиг, батлагдаагүй ч юм шиг. Дараа нь гишүүд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан ч хэлэлцэгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг байгааг хурдан шийдвэрлэх дохио өгсөн юм. Урт нэртэй хуулийн анхных нь хэрэгжээгүй. Тиймээс хүчингүй болчихсон. Иймээс одоо өргөн барьсныг баталчихвал хатуу сахилга, дүрэмтэй болох юм.
Харин гол усны савд лиценз өгөхөө болих ёстой. Гол нь урьд нь хөрөнгө оруулсан компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ хатуу стандартаа мөрддөг ,'болно. Дэлхийн стандартыг сайн хангадаг нөхөн сэргээлт хийдэг компани олон бий. Эдгээрийг дэмжиж ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ монголчууд гэхдээ их атаархуу, орлого олдог нэгэндээ атаархана гэж тоймгүй. Уг нь атаа жөтөөгүй амьдрах хэрэгтэй л дээ. Ажлын байр бий
Л.Сугармаа
Өдрийн шуудан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш