Улсын хэмжээнд БЗДХ сүүлийн таван жилд тууштай буурахгүй, ялангуяа тэмбүүгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. 2013 онд зонхилон тохиолдох БЗДХ-ын нийт 14957 тохиолдол бүртгэгдсэн, 2014 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт халдварт өвчний 44.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жилийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдсэн, 2013 онд нийт 26, 2014 оны эхний есөн сарын байдлаар 20 тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбараас гадна төр, захиргааны байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэн тэднийг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай байгаа тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран БЗДХ өвчлөлийг бууруулах, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх арга хэмжээ авахад тулгамдаж буй асуудал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр цаашид хамтран ажиллах тодорхой санал авах зорилгоор хорооны Засаг дарга нарт нөлөөллийн уулзалт зохион байгуулж, санал бодол солилцлоо.