logo
Нийслэлийн Цэргийн штаб ажлаа танилцууллаа

Нийслэлийн Цэргийн штаб ажлаа танилцууллаа

2015/03/17
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах, Цэргийн штабуудын иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл, ахмад дайчид оролцов. Арга хэмжээг нээж Хотын дарга Э.Бат-Үүл “Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ Монгол цэргийн  баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн ахмад дайчиддаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс өдий зэрэгтэй ийм сайхан эх орныг бидэнд хүлээлгэж өгсөнд нь талархлаа илэрхийлье.

Би УИХ-ын гишүүн байхаасаа Монгол цэргийн нэр хүнд, цог жавхааг өргөх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тухайлбал, Цэргийн баяр гэж нэрлэдэг байсан Зэвсэгт хүчний баярыг Монгол цэргийн баяр гэдэг ийм өргөн хүрээтэй түүхэн уламжлалаа дээдэлсэн баяр болгон өөрчлөх тухай, УИХ-ын гишүүн асан Ж.Гүррагчаатай хамтран Монголд төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн төрийн жинхэнэ алба хаасан залуучууд хаших болно гэдэг хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж, батлуулж байсан. Мөн нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийнхээ удирдлага, Цэргийн штабтай хамтарч “Монгол цэргийн жавхаа” арга хэмжээг санаачилж зохион байгуулаад гурван жил болж байна. “Монгол цэргийн жавхаа” арга хэмжээ маань үнэхээр үр дүнгээ өгч байгаа. Хэд хэдэн удаа өөрийн биеэр цэргийн ангиудаар гэнэтийн шалгалт хийсэн. Цэргийн ангиуд сайхан тохижиж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгааг харахад үнэхээр гайхалтай байсан. Зэвсэгт хүчин бол залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх сургууль юм.

Цэргийн алба хаагаад ирсэн иргэн амьдралаа зөв зохион байгуулах чадвартай, бие бялдрын хөгжилтэй, захирч, захирагдах ёсыг сурсан байдаг. Ийм иргэдийг бий болгож байгаа Зэвсэгт хүчинд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Мөн “Монгол цэргийн жавхаа” арга хэмжээ  маань уламжлал болон тогтож байгаад таатай байна. Манай нийслэлийн хамгийн сайхан арга хэмжэээнүүдийн нэг болж байгаад баяртай байдаг. Та бүгдэд талархлаа дахин дахин илэрхийлье” гэлээ.

Мөн энэ үеэр 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа. Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцож тэргүүлсэн сурагчдыг шагнав
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш