Барилгын ажил нь 50-60 хувийн гүйцэтгэлтэй зогссон IV амаржих газрыг энэ онд багтаан ашиглалтад оруулах зорилгоор аян өрнүүлэх болжээ.
Энэхүү аяныг санаачлагч “Энхрий үрс-Халуун сэтгэл” ТББ- аас өнөөдөр мэдээлэл хийлээ. II амаржих газрын мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч О.Энхмаагийн санаачилсан тус ТББ нь одоогийн байдлаар долоон гишүүнтэй болоод байгаа аж. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр төрөх эмнэлгүүдийн ачаалал 2-3 дахин хэтрээд байна. Тиймээс энэ ачааллын улмаас хохирч байгаа эхчүүдээ хараад аяныг хэрэгжүүлье гэж бодсон. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр 1000 төгрөгийг хандивлахад бараг тэрбум төгрөг босох боломжтой. Эхнэр эмэгтэйчүүдээ, үр хүүхдээ тав тухтай орчинд төрүүлэхэд хандив өргөөч гэж иргэдээсээ уриалж байна” гэв.
Аяны хүрээнд дөрвөн удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхнийх нь энэ сарын 27-нд UB Palace-н концертын их танхимд рок, поп уран бүтээлчдийн тоглолт юм. Харин ирэх сард зохиолын дуучдын, Ардын болон Гавьяат жүжигчдийн, хошин урлагийн нэгдсэн тоглолт зохион байгуулах аж.