Африк тивд Бүгд Найрамдах Ардчилсан Конго гэж том газар нутагтай улс байдаг. Ардчилсан Конго улс нь дотоод улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайн, авлига хээл хахуулиас болж эдийн засгийн хувьд туйлын доройтсон. Ардчилсан Конго уг нь газрын баялаг ихтэй улс. Ялангуяа гар утас, электрон цахилгаан бараанд ордог Колтан буюу хар өнгийн Колумбит болон Танталын метал ихтэй улс юм. Колтаныг хар алт ч гэж нэрлэдэг. Колтангүй бол дэлхийн электрон барааны үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Дэлхийн Колтаны нөөцийн 80 хувь нь Ардчилсан Конгод байдаг. Тэнд мөн алт, зэс болон бусад үнэт металын нөөц байдаг. Тиймээс Конгочууд эрдэс баялгийн төлөө хоорондоо тэмцэлддэг. Баялагийн хараал туссан улс гэж Ардчилсан Конгийг нэрлэж болно. Гар аргаар олборлосон эрдэс баялаг улсад биш уурхайнуудыг хяналтандаа авахын төлөө тэмцэгч бүлгүүдийн санхүүжилтэнд урсдаг. 1990-ээд онд болсон иргэний дайнд байгалийн баялагаас олсон алт эрднэс, зэвсэгт бүлгүүдийн хэрэгцээнд зарцуулагджээ. Дэлхийн зах зээл дээр тонн Колтан буюу Колумбит болон Танталын хүдрийн үнэ өсөхөд Ардчилсан Конгын дотоод хямрал мөргөлдөөн ширүүсч сөргөлдөгч талууд Колтаны төлөө ахан дүүсээ ч хайрлахгүй алж хядаж эхэлсэн. Өнөөдөр хүн бүр гар утас, компьютер хэрэглэж байгаа. Гэхдээ бидний хэрэглээнд байгаа техник технологийн түүхий эд хэдэн Конго хүний цус, амиар олдож байгааг мэдэхгүй. Ардчилсан Конго улсад ихээр илэрсэн байгалийн баялаг Конгочуудад нэмэр болохоосоо нэрмээс болжээ. 1800-аад оны үед Бельгийн Колончлогчид Конгийн байгалийн баялагийн цөлмөхийн тулд хүн амын бараг талыг нь хядсан түүх байгаа. 1960-аад оны хүйтэн дайны үед АНУ байдааны онгоцонд ордог Кобальтын нөөцтэй орд болон байгалийн баялаг ихтэй Конго улсыг Зөвлөлтүүдэд алдахгүйн тулд дарангуйлагч Мобуту Сесе Секог дэмжиж байсан. Мобуту улсаа Заир гэж нэрлэсэн. Дэлхийн зах зээл дээр хүнд болон үнэт металын хэрэгцээ өсөхийн хэрээр Конгод хүчирхийлэл хяналтаас гарч байна. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар сүүлийн 20-иодхон жилд 70 сая гаруй хүн амтай Ардчилсан Конго улсын 5 сая гаруй нь хар алтны төлөө дайнд амиа алджээ. Киншаса хотын эрх баригчид иргэний дайн дууссан гэж хэлдэг боловч тус хотыг уурхайг хяналтандаа авсан зэвсэгт бүлгүүд санхүүжүүлдэг байна. Конго руу очих гэж байгаа хүн байгаа бол Конгийн агаарын тээврийн онгоцоор бүү зорчоорой гэж зөвлөх хэрэгтэй. Учир нь Конго улс дотоодын иргэний дайн, тогтворгүй байдлаасаа болж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн иргэний агаарын тээврийн компани гэж байхгүй. Ашиглагдаж байгаа онгоцуудын ашиглалтын хугацаа дууссан. Өнгөрсөн онгоцны ослоор 20 гаруй хүн амиа алджээ.
Shuum.mn
Shuum.mn