logo
Шоколад зүрхний өвчнөөс сэргийлдэг нь судалгаагаар батлагдлаа

Шоколад зүрхний өвчнөөс сэргийлдэг нь судалгаагаар батлагдлаа

2011/09/30
Та амттанд хэр дуртай вэ? Английн эрүүл мэндийн нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд шоколад хүний зүрхэнд сайн юм байна. Английн судлаачид долоон өөр судалгааны дүнг нэгтгэн энэ дүгнэлтийг гаргажээ. Тэдгээр судалгаануудад зүрхний өвчтэй, зүрхний өвчингүй гэх мэт 100 мянга гаруй хүн оролцсон байна. Судлаачид их хэмжээгээр шоколад иддэг хүмүүсийн эрүүл мэндийг энэ амттаныг багахан хэрэглэдэг хүмүүсийнхтэй харьцуулжээ.
Шоколад илүүтэйгээр хэрэглэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулдаг байна. Түүнчлэн шоколаданд дурлагчдын хувьд цус харвах  магадлал энгийн хүмүүсийг бодвол 29 хувиар бага байжээ.
Судалгаануудад сүүтэй, хар гэх мэт бүх төрлийн шоколадыг төдийгүй шоколадтай жигнэмэг, десерт зэргийг ч хамруулсан байна. Өөр нэгэн томоохон судалгааны дүнгээс үзэхэд хар шоколад хэрэглэх нь эрүүл мэндэд хамгийн сайн гэдэг нь нотлогджээ. Учир нь ийм төрлийн шоколаданд цусны даралтыг багасгаж, чихрийн шижингээс сэргийлэхэд тустай анти-оксидантууд илүү агуулагддаг байна.
Гэхдээ шоколад зүрхэнд сайн хэдий ч илчлэг ихтэй, зарим нь өөх тос агуулдаг учраас таргалахад нөлөөлж, чихрийн шижин болон зүрхний өвчин үүсэх шалтгаан болж болно гэдгийг судлаачид анхааруулжээ. 
Ямартай ч энэ амттаныг зохистой хэмжээгээр хэрэглэх зүйтэй юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш