logo
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

2015/05/27
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайд соёл урлагийн болон худалдаа үйлчилгээний төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл баярын үеэр гарч болзошгүй элдэв осол аваараас сэргийлэх, иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн, дүүрэг, хороодод зохион байгуулах баярын нэгдсэн арга хэмжээ, өдөрлөгт худалдаа, үйлчилгээний чиглэлээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулж буй барааны чанар, стандартад хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, аюулгүй байдлыг ханган байцаагч томилон ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст даалгав.

Мөн парад, урлаг соёлын арга хэмжээг дуу, дүрсний өндөр түвшинд төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газарт, цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах,  зам талбайн тохижилт, цэвэрлэгээг хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш