logo
Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх дулааны ажил энэ сарын 22-нд дуусна

Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх дулааны ажил энэ сарын 22-нд дуусна

2015/06/16
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ийн мягмар гарагийг хуралдаанаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажлын эхний хэсгийн ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцлээ. Энэ жил инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм.

Зам засвар, шугам хоолой солих ажлыг  төлөвлөгөөний дагуу 2015 оны зургаадугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны наймдугаар сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ. Эхний үе шатны ажил буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг зургаадугаар сарын 07-ны өдрөөс хааж шинэчлэлт, өргөтгөлийн ажил хийгдэж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд дарга С.Цэдэнсодномын өгсөн мэдээллээр “Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикд зааснаас түрүүлж хийж байгаа тул хугацаанаас нь өмнө буюу 22-ны өдөр дуусгана” гэлээ. Тиймээс зургаадугаар сарын 22-ны 06:00 цагаас Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх уулзварын замын хөдөлгөөнийг нээж 2 дугаар үе шатны ажил буюу Цэцэг төвийн уулзвараас УИДэлгүүрийн уулзварыг  хааж шинэчлэлт, өргөтгөлийн ажил эхэлнэ.

Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш