Статистикийн үйл ажиллагааг залуучуудад ойлгуулах, энэ чиглэлээр хийгдэж байгаа шинэлэг ажил, мэдээллийг залуучуудад түгээх, МЗХ-ны салбар байгууллагууд, хороодыг мэдээллээр хангах зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэд Залуу Статистикчдын холбоо байгуулагдлаа.
Залуу Статистикчдын холбооны тэргүүнээр Д.Баасан (Баянгол дүүргийн залуучуудын холбооны тэргүүлэгч) хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон бөгөөд нарийн бичгийн даргаар Г.Отгонбаяр, тэргүүлэгч гишүүдээр Б.Зүмбэрэл, Э.Батзаяа, Ө.Нямжаргал, Б.Бат-Оргил, П.Нарангарав, Д.Хулан, Б.Даваадорж нар тус тус сонгогдлоо.
Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа билээ. Одоогоор Монгол Улсын 21 аймаг, 320 сум, 9 дүүрэгт салбартай, дэргэдээ хуульзүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэх мэт мэргэжлийн 16 байнгын хороо, 20 гаруй клубүүдтэй бөгөөд мэргэжил мэргэжлийнхээ чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.