Хорин таван жилийн өмнө Монгол Улсад явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулийн түүхэн үүргийг тодотгох, энэ хугацаанд гарсан ололт амжилт, туршлага, үр шимийг олон нийтэд таниулах, чөлөөт ардчилсан сонгуулын мөн чанар, давуу талыг сурталчлах зорилгоор сэтгүүл зүйн бүтээл болон сошиал медиа сурталчилгааны уралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14 хоногийн хугацаатай зарласан билээ.
Уралдаанд сонин, цахим сайт, радиогийн сэтгүүлчид, олон нийтийн сүлжээ буюу сошиал медиа хэрэглэгчид идэвхтэй оролцож олон бүтээл ирүүлсэн юм.
Уг уралдааны эцсийн шалгаруулалтын дүнг өнөөдөр 12.30 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд танилцуулах гэж байна. Тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд энэ үеэр гардуулах юм.