logo
Дэлхийн гар угаах өдөр болно

Дэлхийн гар угаах өдөр болно

2011/10/06
2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглан эдүгээ дөрөв дэх жилдээ дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж байна.
 Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг хэрнээ хоол идэхээсээ өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угааж байх ёстой гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй.
    Бохир гараас үүдэлтэй халдварт өвчнүүд ихээр гарч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирсаар л байна. Наад зах нь намрын намарт гар дээрээс худалдаалдаг энэ их самар жимс ямаршуухан орчинд боловсрогдон худалдаалагдаж байгаа бол....
    Чухам яагаад дэлхий нийтээрээ гар угаахад ач холбогдол өгч, тэмдэглэх өдөртэй хүртэл болж байна вэ? Жил бүр бохир гарын улмаас 5 хүртэлх насны 3,5 сая хүүхэд суулгалт, амьсгалын замын халдварт өвчнөөр эндэж байгаа нь дэлхий нийтэд түгшүүрийн харангыг дэлдэж байна. Хоол идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлах, бохирдолтой орчинд ажиллах зэрэг эрсдэлтэй үеийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн хямд төсөр, энгийн, үр дүнтэй арга болохыг олон нийтэд ухуулан сурталчилж ойлгуулах нь "Дэлхийн гар угаах өдөр"-ийн гол зорилго юм.
       Монгол Улсад "Дэлхийн гар угаах өдөр"-ийг тэмдэглэх, гараа савандаж угаахын ач холбогдлыг сурталчлах ажлыг БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Усны газар, "Эй Си Эф" олон улсын байгууллага, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран хийж байна. Магадгүй хэн нэг нь, үүнийг уншиж суугаа та ч "гараа угаахыг ингэж онцлохын хэрэг юу байнаа, хэн ч гараа угааж чадна шүү дээ" хэмээн бодож суугаа байж болох юм. Бидний энэ хэнэггүй зан л бохир гарын өвчнийг дэлгэрүүлэх нэгэн үндэс болж байна.
Зөвхөн хүүхэд гэлтгүй та ч гэсэн хоолоо идэх, бэлтгэхийн өмнө, бие засах, хүүхэд хуурайлсны дараа, бохирдсон тохиолдол бүрдээ гараа савандаж угааж хэвшээрэй. Монголчууд "жижиг чулуугаар том чулууг доргиох" гэж ярьдаг, тэгвэл гараа савандаж угааж байх нөхцлийг бүрдүүлснээрээ дэлхий нийтээрээ анхаарал тавиад байгаа  халдварт өвчний тархалтыг бууруулж  эрүүл мэндээ хамгаалж чадах юм.
С.Амар
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш