logo
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллах зочид буудлуудад ИТГЭМЖЛЭЛ гардууллаа

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллах зочид буудлуудад ИТГЭМЖЛЭЛ гардууллаа

2015/10/12
Ирэх 2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочдыг байрлуулах зочид буудлуудад итгэмжлэл гардуулах ёслол 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр “Blue sky” зочид буудалд боллоо. 

Уг арга хэмжээг  ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ирэх 4000 орчим зочид, төлөөлөгчдийг байрлуулахаар 40 гаруй зочид буудал сонгогдоод байгаа юм. 

Эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг чанаржуулах, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, менежментийг сайжруулах, үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэх, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих нөхцөл бүхий болзолт уралдааныг ёслолын ажиллагааны үеэр мөн зарлав. 

 

 

Гадаадын өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийг ая тухтай байлгаж, тэдний аюулгүй байдлыг хангахад чиглүүлэн зочид буудлуудын үйл ажиллагааг дээшлүүлэх зорилготой энэхүү болзолт уралдааныг 2015 оны 10 дүгээр сарын 20-ноос 2016 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл зарлаж буй бөгөөд тодорхой шалгуураар “АСЕМ-ын түнш, тэргүүний зочид буудал”-ыг шалгаруулж урамшуулах юм.   

 

Ёслолын ажиллагаанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн Байр, зочид буудал хариуцсан Ажлын хэсгийн дарга П.Цагаан болон албаны бусад хүмүүс, холбогдох зочид буудлуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн өргөнөөр оролцлоо.

 

 

Энэ өдрөөс эхлэн эдгээр зочид буудлуудыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах түнш зочид буудал хэмээн албан ёсоор гадаад, дотоодод зарлан, зочдын бүртгэлийн ажлыг эхлүүлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш