logo
Нийслэлийн аялал жуулчлалын эсрдэлийн менежменийн төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн аялал жуулчлалын эсрдэлийн менежменийн төлөвлөгөөг баталлаа

2016/01/12
Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.2.2-т онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-г баталлаа. Дэлхийн томоохон хотууд эдийн засгийн гол тулгуур болсон аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоор менежментийн төлөвлөгөө батлан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлдэг.

Энэхүү төлөвлөгөө нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж болох газар хөдлөлт, объектын түймэр, үер, хүний халдварт өвчин, хүчтэй салхи, химийн болон цацрагийн осол, ой, хээрийн түймэр, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэсэн 8 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн өмнө, эрсдэлийн үед болон эрсдэлийн дараа нь авах арга хэмжээг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой юм. Учир нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жилд дунджаар 2000 орчим аюулт үзэгдэл осол тохиолдож байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, түүнд өртөх эмзэг байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Улсын Их Хурлаас баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-д “Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд дээрх төлөвлөгөө нь нийслэлийн хэмжээнд нэг салбараар онцолсон анхны ажил болж байна. Төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Австрали болон Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ижил төрлийн менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулсан гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш