logo
Цахилгаан дамжуулах агаарын шугамын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Цахилгаан дамжуулах агаарын шугамын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

2016/01/12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/04 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа Их тойруугийн 110/35/10кВ-ын “7 дугаар хороолол” дэд станцаас 110/35/10кВ-ын “Радио телевиз” дэд станц хүртэлх 8.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор болох 973 сая 734 мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш