logo
Холливүүдийн оддын хувийн мэдээлэл рүү халдсан эр уучлал хүслээ

Холливүүдийн оддын хувийн мэдээлэл рүү халдсан эр уучлал хүслээ

2011/10/15
Америкийн Флорида мужид амьдардаг нэгэн эр Холливүүдийн алдартнуудын и-мэйл,  хувийн мэдээллүүд рүү халдсандаа уучлал хүссэн байна. Жэксонвилл хотын оршин суугч 35 настай Кристофер Чанейг Холбооны Мөрдөх Товчооныхон жилийн турш мөрдсөний эцэст лхагва гаригт баривчилжээ.
Тэрээр нууц мэдээллүүдийг үзэх үнэхээр дуртай байснаа хэлсэн байна.   Түүний олсон зарим зурагны дунд Скарлет Йохансоны нүцгэн зургууд байсан бөгөөд тэдгээр нь интернэтэд тавигдсан юм.
Явуулсан ажиллагаагаа "Operation Hackerazzi" гэж нэрлэсэн Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд Кристофер Чанейгийн "халдлагад" өртсөн 50 гаруй хүнийг илрүүлсний дотор Йохансоноос гадна Кристина Агуйлера байжээ.
Йохансоны гэртээ байхдаа нүцгэнээр авахуулсан, алдагдсан зургууд өнгөрсөн сард интернэтэд тавигдсан аж.
Бусдын хувийн компьютер руу нэвтэрсэн, хулгай хийсэн, утас чагнасан зэрэг 26 хэргээр Кристофер Чанейг буруутгаад байна. Хэрэв тэрээр эдгээр хэргүүдэд буруутай нь тогтоогдвол олон жил шоронд хоригдох ял сонсож магадгүй юм.
Тэрээр өөрийн буруугаа хүлээж, Флоридагийн сэтгүүлчдэд хэлэхдээ "Энэ бүхэн сониуч зангаас эхэлсэн, сүүлдээ өдөр бүр дэлгэцээр гардаг хүмүүсийн хувийн мэдээллийг үзэхдээ донтсон" гэжээ.
Чаней алдартнуудын и-мэйл хаяг руу нэвтэрч одуудын хүлээн авсан мэйлийн нэг хуулбарыг өөрлүүгээ илгээдэг системийг суулгасан байна. Харин тэрээр хүлээн авсан зураг, мэдээллийнхээ алиныг ч худалдаагүй, буруу зорилгоор ашиглаагүй гэдгээ хэлжээ. Мөн тэрээр уучлал хүсч, өөрийнх нь хийсэн зүйлс буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Холбооны Мөрдөх Товчооныхон энэ хэргийг нилээд нухацтай авч үзэж байгаа талаараа мэдэгдсэн байна. ХМТ-ны лхагва гаригт гаргасан мэдэгдэлд Чаней алдартнуудын талаар мэдээлэл тавьдаг сайтуудад хулгайлсан зургуудаа санал болгосон талаар дурджээ. Мөн түүнийг бусдын санхүүгийн мэдээлэл, кино зохиолын үгийг хулгайлсан гэж буруутгасан байна.
Кристофер Чанейг удахгүй шүүх юм байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш