logo
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Би аминдаа л шудрага байхад 76 луйварчин гэдэгт нь орчихоод байх юм

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Би аминдаа л шудрага байхад 76 луйварчин гэдэгт нь орчихоод байх юм

2011/10/17
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.
-Оюутолгойн гэрээг эргэн харахыг та 20 гишүүн шаардаж буй. Үүнийхээ хариуд нэлээд зэмлэл сонсож байх шиг байна?
-Уг нь анх зургаан гишүүн байсан юм. МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн бид гурав, АН-аас З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг бид зургаа батлагдахад нь “Энэ гэрээ дутуу боллоо” гээд эсрэг санал өгч байсан. Одоо бидэн дээр арван дөрвөн хүн нэмэгдэж 20 боллоо. Гишүүд бидний зөв юм байна гэдгийг ойлгоод нэгдэж байна л даа. Бид бол гэрээгээ сайжруулъя гэж байгаа улсууд.  Тогтоолыг нь гаргаж өгөөд гэрээг нь хийгээд ажлыг нь эхлүүлсэн гэдгээрээ энэ УИХ-д гавьяа бий. Харин гэрээ дутуу байна гэдгийг бид яриад байгаа. Би ч ийм л байр суурьтай байгаа. Монгол хүн бүр Оюутолгойг маш сайн ойлгосон. Бид бүтэн гурван жил ярилаа шүү дээ. Тэр байтугай зөвхөн өнөөдөр л яриад байгаа юм биш. Зөвхөн энэ УИХ ч ярьсан ч юм биш. Түрүүчийн УИХ ч ярьсан. Өмнөх УИХ-ын 40 дүгээр тогтоол гэж бий. Тэр тогтоол дээр анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50-иас доошгүй хувийг эзэмшинэ гэж байдаг. Тэр 40 дүгээр тогтоолыг одооны парламент үргэлжлүүлээд 57 дугаар тогтоол гаргасан. Ер нь монгол төр үе дамжаад л Оюутолгойг яриад байх нь ойлгомжтой учраас одоо маргаад л бие биедээ томроод байх шаардлага байхгүй. Бид сонгогчдоо төлөөлөөд УИХ-д сууж байгаа нь үнэн юм чинь энэ гэрээг сайн уу муу юу гэж ярьж л таарна. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулаагүй бол Оюутолгойн гэрээ ийм болохгүй байсан. АН-ын маш хүчтэй сөрөг хүчин байсан учраас хэрвээ монголын талын хувь 50-иас доош яригдах юм бол эсэргүүцэх нь тодорхой байсан. Харин тэд өөрсдөө Засгийн газарт орчихсон учраас ийм сул гэрээ гаргаж байгаа юм. Оюутолгой өөрөө асар их хөрөнгө шаардсан том үйлдвэр. Би өөрөө аж ахуйн ажил хийж, олон барилга бариулж, гадны хүмүүстэй гэрээ хийж байсан учраас нэгэнт ажил эхэлчихсэн бол яаж ийгээд хурдан дуусгах ёстой гэдгийг сайн мэднэ. Үйлдвэрээ барьсан хойно нь, баяжмалаа гаргаад ирэхээр нь хуулиараа зохицуулаад Оюутолгойгоос илүү их ашиг авах боломж бий. Аж ахуйн ажил бол улс төржихөөс шүүмжлэхээс шал ондоо. Шүүмжлэх амархан.
-Рио-тинто монголын засгийн газартай хамтарч мэдэгдэл гарсан. Та тэр мэдэгдлийг ямраар харж байгаа вэ?
-Эхлээд үйлдвэрээ байгуулаад дараа нь танай талын саналыг хүлээж авна гэж тэр мэдэгдэл дээр нь байна лээ. Гадныхан бол манайхан шиг хамаагүй замбараагүй ярьдаг хүмүүс биш. Танай Засгийн газрын тавьсан хүсэлтэнд бид хүндэтгэлтэй хандаж байна гэсэн үг нь дараа үргэлжлүүлж ярихад болно гэсэн үг л дээ. Манайхан чинь шууд л хэрэлдэж, тэр хэрүүлийнхээ үгээр хэлэхгүй болохоор больчихоод байгаа юм байна гэж ойлгоод байх шиг байна. Бид үйлдвэрээ босгочихъё тэгээд дараа нь хувиа яръя гэсэн байна лээ. Үүнийг манай Засгийн газар иргэддээ сайн ойлгуулмаар байна. Засгийн газрын ухуулан таниулах, сэнхрүүлэх ажил нь дутаад байна. Пиарынхаа ажлыг энэ Засгийн газар ерөөсөө хийж өгөхгүй юм. Тийм учраас буруу зөрүү ойлголт төрүүлээд байна. Сангийн яам, ЭБЭХ-ний яам, БО яам ухуулан таниулах ажлыг маш муу хийгээд байна.
-Засгийн газрыг огцруулна гэдэгтэй та санал нэг байгаа юу?
-Би үүнтэй санал нэгдэхгүй байгаа. Анх би хамтрах хэрэггүй, дангаараа байгуулъя гэдэг саналтай байсан хүний  нэг. Одоо ч тэрэн дээрээ байгаа. Гэхдээ одоо зургаахан сарын дараа сонгууль болох гэж байхад Засгийн газраар оролдох нь буруу. Тэртэй тэргүй иргэд сонгуулиар дүнгээ тавиад өгнө. Сонгогчдоороо л дүнгээ тавиулъя. Түүнээс биш дайрч давшлаад л янз бүрээр яриад байх шаардлага  байхгүй. 2012 онд ард түмэн ямар хүмүүсийг сонгож гаргаж ирэх юм. Тэд дахиад л энэ Оюутолгойн гэрээг үргэлжлүүлээд ярина биз. 2013 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ гэж байна. Тиймээс 2012 онд гарч ирэх УИХ, Засгийн газрын хийх ажил үлдсэн. Одоо бол бид сонгуульдаа ялахаа л бодсон нь дээр. Оюутолгой, Тавантолгойг улс төржүүлж яриад байх хэрэггүй байх.
-Та Оюутолгой Тавантогойн бүтээн байгуулалтыг очиж үзээд Би үүний хажууд ТҮЦ ажиллуулдаг юм байна гэсэн гэл үү?
-Би яг ч тэгж хэлээгүй. Миний тухай тийм онигоо гаргасан байсан. Тэр онигоог гаргасан хүн надад өөрөө таны тухай тийм онигоо гаргалаа шүү л гэж байна лээ. Тэр ч яахав наргиан. Ер нь би Нарантуул худалдааны төвийг 1995 онд анх барьсан юм. Тэгэхэд Монголд барилгын салбар бүр уначихсан, “Эрэл”-ийн нэг барилгын үйлдвэр, бас Толгойтын нэг тоосгоны үйлдвэр л ажиллаж байсан. Би энэ хоёр дээр л түшиглэж энэ том объектыг барьж байгуулсан хүн. Хамгийн анхны 12 давхар буудлыг би бас барьсан. 1991 онд эхлээд 1998 онд дуусгасан.
-Эрдэнэтийн 51 хувийг монголчууд эзэмшдэг. Энэ жишигт Оюутолгойг хүргэж болоогүй юм болов уу гэж бас ярьдаг?
-Эрдэнэт чинь анхнаасаа ийм байгаагүй шүү дээ. Олон жил үе үеийн төр засаг ярьсаар байгаад ийм болгосон. Монголын баялагийг нэг шөнө ачаад явчихаж чадахгүй нь тодорхой. Миний ганц айгаад байгаа юм нь тэр 30 жил гэдэг. Би тэр тоог л байхгүй болгочихъё гэж С.Баярцогт сайдаас мөн их гуйж байгаа. Тэгэх л юм бол энэ их хэрүүл байхгүй. Тэртэй тэргүй УИХ-ын 57 дугаар тогтоолоор анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь 50-иас доошгүй байна гэж байгаа шүү дээ. Хэрвээ Монголын тал хөрөнгө мөнгөтэй болоод ирэх юм бол бид 60 хувийг нь ч худалдаад авчихаж болно шүү дээ. Манай газар зүйн байрлал тэгэх бололцоотой. Бид Африкт байгаа юм биш. Буу зэвсэг оруулж ирээд хооронд нь мөргөлдүүлчих чадал эд нарт байхгүй. Орос, Хятад хоёр гэж асар том хэрмээр хүрээлүүлчихсэн байхад санасанаа хийж болно. Энэ хоёр том гүрэн манайхыг мундаг хамгаалж өгч байна шүү дээ. Үүнийг хүмүүс ярьдаггүй юм
–Оюутолгойн захирал Монголын улстөрчид битгий шуналт гэж бас шуугиан дэгдээсэн?
–Тэр хүн тэгж хэлсэн байна лээ. Сүүлд нь бид нарыг эсэргүүцэл илэрхийлэхээр Австралийн сонины сурвалжлагчийн алдаа гэсэн байна лээ. Тэр нөхөр ер нь хариуцлагагүй мэдэгдэл хийсэн байсан. Хэрвээ шуналт гэж байгаа бол хоёр утгатай байна. Бид 50 болон 51 хувьдаа шунаж байгаа юу гэвэл шунаж байна. Үнэхээр шунаж байна. Харин нэг хэсгийг нь аргалчихаад байхад дахиад гараад ирлээ энэ 20 битгий шуналт гэж байгаа бол “Тийм юм байхгүй. Бид бол хувиа борлуулж довоо шарлуулсан тодорхой бизнестэй, УИХ-д сонгогдоод ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас бидэнд шунаад байх юм байхгүй”.
–Оюутолгойн гэрээнд хяналт тавих ёстой газар нь уг нь УИХ биз дээ. УИХ энэ үүргээ биелүүлж чадаж байгаа юм уу?
-Наадах чинь уг нь маш чухал асуудал. Оюутолгойн гэрээн дээр байнгын хяналт тавих ёстой газар нь УИХ-ын төсвийн байнгын хороо байхгүй юу. Хууль зүй, эдийн засаг, аюулгүй байдал гадаад бодлого, төсвийн байнгын хороо хамтраад улиралд чаддаггүй юмаа гэхэд хагас жилд Оюутолгойн ажлыг шалгаад УИХ-д танилцуулаад үр дүнг нь яриад явж байсан бол өнөөдөр ийм хэл ам болохгүй байсан юм. Эдийн засгийн байнгын хороо ганц ч ажилласангүй.  Харин би өөрөө санаачлаад АБГБ байнгын хороогоор нэг тогтоол гаргуулсан нь л одоо өндрөө аваад явж байна. Ерөнхий сайд АБГБ байнгын хорооноос өгсөн тогтоолын дагуу бид Оюутолгойтой харьцлаа гэж байна лээ. Энэ гэрээ батлагдаад 2 жил гаруй боллоо. Гэтэл энэ хугацаанд Эдийн засгийн байнгын хороо асуудал оруулж ирсэнгүй. Өнөөдөр 50 хувийн ажил явсан гэж нөгөө компани л өөрсдөө хэлээд байгаагаас биш манай байнгын хороо таг чиг.Үнэхээр 50 хувь явсан ч юм уу бүү мэд шүү дээ.  Энэ намар гэхэд 75 хувийн ажил явна гэдэг нь үнэн юм уу, баяжмал нь хэзээ гарах юм, тэгээд үйлдвэр нь хэзээ дуусах юм гэхчилэн үйл ажиллагаа нь ямар явж байгааг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо дүгнэлтээ гаргаж УИХ-д танилцуул гэдгийг би хатуу шаардана. Зүгээр нэг 20 гишүүн нийлээд ингээд яваад байх юм бол амжилт олохгүй юм байна. Гишүүд бүгдээрээ л анхаарах ёстой шүү дээ.
–Сонгуулийн хуулийг намууд эцэслэн шийдэж чадахгүй байна. Та ямар суурьтай байгаа вэ?
-Хоёр намын ажлын хэсэг наадахыг чинь шийдчих байх. Ер нь томсгосон тойрог болохгүй юм байна гэдэг нь харагдсан. Томсгосон тойрог чинь эхлээд намууд хоорондоо өрсөлдөж байснаа дараа нь дотроо өрсөлдөөд хачин юм болсон. Сая манай намын бүлгээр их сайн ярьж. 48:28 гэдэг дээр тогтлоо. АН ч үүнийг хүлээн зөвшөөрч байх шиг байна. АН-ын нэг тавьж байгаа санал бол мажоритораар өндөр оноотой унах юм бол 28-иа шилжүүлье гэдгийг манай намынхан зөвшөөрсөн. Ингэхээр 48 хүн халз үзэх нь. 28 нь намынхаа нэрээр явах нь. Нэрээ зооно зоохгүй гэдгийг нь ажлын хэсэг шийдэх юм байгаа биз. Манай намын бариад байгаа бодлого бол шууд пропорцианаль руу орж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулинаасаа холдож хөндийрч болохгүй. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулинд өөрчлөлт хийх боломжгүй гэж чиглэлээ өгчихсөн. Тиймээс одоо ганц үлдсэн хувилбар нь холимог. 1990 онд бид чинь бас томсгож нэг сонгуулиа явуулсан. Дараа нь гурав дараалаад мажоритораар явуулсан. 2008 онд томсгож явуулсан. Одоо холимог үлдээд байна л даа. Өөр хувилбар байхгүй л дээ.
–Төсөв хэтэрхий их тэлж байна гэж шүүмжилж байгаа?
–Орлого нь нэмэгдээд байхад төсвөө тэгээд бариад байх юм уу хаашаа юм. Томроё баяжия гэж байгаа чинь энэ шүү дээ. Төсөв тэлж байна гэдэг чинь амьдрал сайжирна л гэсэн үг биз дээ.
-Зарим хөрөнгө оруулалт хэтэрхий үрэлгэн байгаа нь үнэн шүү дээ?
–Тэрэн дээр би анх гишүүн болсон цагаасаа шүүмжлэлтэй хандсан. Би өөрөө улсад их хэмжээний татвар төлдөг хүн учраас зарим юман дээр үнэхээр харамсдаг. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байхад татвар төлдөг бидэн шиг хүмүүст үнэхээр харамсалтай санагддаг. Заримдаа татвар төлмөөргүй ч санагддаг. Тийм аймаар үрэн таран хийж байна. Байгалийн баялагаас орж ирж байгаа мөнгийг ингэж хавтгай тараадаг нь буруу гэж анхнаасаа л би хэлсэн. Би амьдрал мэддэг учраас хэлээд байгаа юм. Түүнээс биш нэг их мундагтаа ч мэдээд хэлээд байгаа юм биш. Анх хүний хөгжил сангийн хууль хэлэлцэж байхад  би “Эхлээд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ 100 хувь өгчихъе” гэж хэлээд дийлээгүй. Ганцаардаад л өнгөрсөн. Тэгэхэд “Иргэн бүрт өгнө гэсэн. Тиймээс бүгдэд нь өгнө” гээд л хавтгайд нь тараасан. Харин миний гурван жилийн өмнөх ярьсныг одоо ярьж байна. Одоо л дөнгөж өндөр настанд хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ өгье гэж ярьж байгаа байхгүй юу. Гэтэл одоо бол оройтож байгаа байхгүй юу.Би хэдийгээр том эдийн засагч биш ч мөнгөнийхөө барагцааг мэдээд л хэлсэн хэрэг. Сая би тойргоороо яваад ирлээ. Нэг суманд уулзалт хийхэд урд талын эгнээнд суудаг хэдэн хөгшчүүл байдаг юм. Нөгөө нүдэнд дасал болчихсон хүмүүс  цөөрчихсөн байна. Хаачсан гэсэн чинь өөд болчихсон гэж байгаа юм. Асуулт тавьдаг хүчтэй шүүмжилдэг өндөр настанууд цөөрчихөж. Миний хэлснээр өндөр настанууддаа эхлээд 1,5 саяаа өгчихсөн бол тэр улсууд эмчилгээндээ зарцуулаад өнөөдөр байх ч байсан ч юм уу хэн мэдлээ. Хэлж мэдэхгүй шүү дээ. Өндөр настанууд сайндаа 200 мянга, хөгжлийн бэрхшээлтэй нь 100 мянга л байгаа биз. Энэ хэдхэн хүмүүстээ саяыг нь гүйцээгээд өгчихсөн бол гэх бодол төрж л байлаа. Ийм муухай дүр зураг харагдаж байгаа юм. Манай ажил оройтчихоод байх юмаа үнэндээ.
-УИХ-ын үйл ажиллагаа сул хүчгүй байна гээд?
-Энэ олон гишүүн өөр өөрсдийнхөө санааг яриад сүүлдээ ажил ажил биш болчих юм. Дээр нь бодлого барьж байгаа хэдэн хүмүүс бодлогоо сайн тодорхойлмоор байна. Их мундаг сэтгэдэг улсуудаар бодлого тодорхойлуулмаар байна. Түүнээс биш УИХ-ын бүх гишүүдийг бодлогонд тэгш оролцож чадахгүй байгаа. Байнгын хороо, бүлэг, нэгдсэн чуулганд үгээ хэлэх юм. Одоо энэ парламентын 30-35 гишүүн нь ямар ч хэрэг алга. Юу ч яриад нэмэргүй. Саналыг нь авч байгаа ч юм алга. Нэг асуулт асуудаг нөгөөдүүл нь автоматаар хариулаад сурчихсан. Ямар ч хариуцлага байхгүй дүр зураг харагдаад байна. УИХ-ын үйл ажиллагааг маш сайжруулахгүй бол үнэхээр болохгүй нь. Болсон болоогүй хууль гаргадаг, нэг их юм мэддэг улсууд байна. Бүх юмыг 76 руу нялзаагаад хаячихсан. 76 гэхээр чинь би ч бас буруутай болчихож байгаа юм. 76 хулгайч, 76 луйварчин гэдэгт чинь би ч бас орж байгаа юм. Тэгэхэд би аминдаа шударга, иргэдийнхээ төлөө юм яриад байх юм. Тэр нь тэгээд ямар ч нэмэр болдоггүй. УИХ-ын үйл ажиллагаа сул, хүчгүй байна. Өөрсдийнхөө гаргасан хууль номыг шалгаад шалгалтынхаа үр дүнг тооцож чаддаггүй. Жишээ нь Германы Бундестагийн 4-5 гишүүн нэг газрыг шалгаад дүгнэлт гаргасан бол тэр хууль. Тэр дүгнэлтийн дагуу хууль хяналтынхан арга хэмжээ авч гэм буруутайд нь ялыг нь үүрүүлдэг. Манайд тийм юм байхгүй. Би ямар сайндаа Үндсэн хуулийн цэцийнхнийг уур хүрээд мануухай гэж хэлэх вэ дээ. Өөрсдийнх нь шийдвэрийг үгүйсгээд байхад юу ч хэлж чадахгүй мануухай шиг л сууж байх юм. Уг нь Үндсэн хуулийн цэцийг “Бид хууль зөрчөөгүй байна гэж гаргасан. Харамсалтай нь шүүх ийм шийдвэр гаргачихлаа” гэж хэлүүлэх гээд УИХ-ын гишүүд хэлүүлэх гээд чадаагүй. Олон түмний өмнө, телевиз радиогоор шийдвэрээ хамгаалаад хэлчихэж чадахгүй тойроод л шал дэмий юм яриад л өнгөрсөн.
-76-гаа 99 болгоё гээд байгаа?
–Бүүр завхруулах нь л дээ. Ийм л дампуу юм яриад байгаа байхгүй юу. 99 болгоё гэдгийг чинь энэ 76 дотроосоо яриад байгаа юм. Би бол харин ч ганцаар ч болов цөөлмөөр байна. Миний бодлоор бол уг нь 51 гишүүн байхад л хангалттай. Цомхон чадварлаг, хүчирхэг 51 гишүүн байхад л болно. Тэр  51 гишүүн асар өндөр эрхтэй. Энэ 51 хүний таван хүн нь нийлээд аль нэг яам тамгын газрыг шалгадаг нь тэр нь хууль шиг үйлчилдэг. Тэгээд тэд 5-10 туслахтай. Хуулийн, эдийн засгийн, дэд бүтцийн, эрүүл мэндийн гээд салбар болгоныг хариуцсан туслахтай. Яамны сайдаас илүү эрх мэдэлтэй, хүчтэй 51 хүн баймаар юм шиг санагдаад байгаа юм.  Хуучнаар бол улс төрийн  товчоо шиг ажиллах ёстой. Улс төрийн товчоо юу хэлнэ вэ тэрүүгээр л ажил явдаг байсан.
Д.Цэлмэг
www.shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш