logo
“Ихэр” тодотголыг дагуулсан TV ZONE сэтгүүлийн шинэхэн дугаар  таны гарт очиж байна

“Ихэр” тодотголыг дагуулсан TV ZONE сэтгүүлийн шинэхэн дугаар таны гарт очиж байна

2011/10/19
Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, халуун ам бүлээрээ цайлан суугаа энэ мөчид “Ихэр” тодотголыг дагуулсан TV ZONE сэтгүүлийн шинэхэн дугаар  таны гарт очиж байна.
Өнгө будгийн зохицлийг мэдрүүлсэн сэтгүүлийнхээ нүүрийг бид энхрий эрхэмсэг, цагаахан хунгаар чимлээ. “Хунт нуур” балетын цагаан хун Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлооч Б.Саруул бүсгүйтэй танилцаж, сонгодог урлагийн агуу ертөнцөөр  хамтдаа аялах боломжийг танд олгож байна.  
Сэтгүүлийн эхний нүүрүүдэд адтай амттайхан шар хуудсууд байрлалаа. Энэ буланд аливаа зүйлийг залуу насны ааг омгоор шийдэж явсан дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ухаарал юу байсан талаар,  фэнүүдийнхээ  алганы загатнааг тайлах дуучин С.Нарангийн арга, урлаг уран сайхнаас илүүтэй охидын анхааралд явсан “Ньюанс” хамтлагийн шинэхэн гишүүний тухай олон сонирхолтой мэдээлэл нийтлэгдлээ.
Нийгэмд тулгамдсан хөндүүр асуудлуудыг үгээрээ үзгээрээ хөндөн илэрхийлдэг “Энэ сэдвээр” буланд иргэдийн толгойн өвчин, уур бухимдлын зангилаа болоод байгаа замын түгжрэлийн эргэн тойрон дахь асуудлыг хөндөж байна. Хэцүү бодлогод гаргалгаа байдаг жишгээр хөндүүр асуудлын гарцыг нь хамтдаа хайцгаая.
Олны танилууд, шуугианы эзэд, суут хүмүүсийн алдрын замналыг түүхчлэн өгүүлэх “Карьер” булан энэ удаад өсгийтэд ноёрхсон эрсийн тухай өгүүлж байна. Тэд бариу өмдийг өсгийттэй хослуулан өмсөж, тачаангуй уян налархай бүжгээрээ дэлхий дахинд шуугиан тариад байгаа “Казаки” хамтлаг юм.  
Гоо сайхан булан энэ удаад эрхэмсэг бүсгүйчүүдээ ойртон суухыг урьж байна. Айсуй цагийг дагаж бус сөрж амьдрахыг зөвлөдөг энэхүү булангаараа бид байгалийн жамаар ирэх хөгшрөлтийг өөрөөсөө  хэрхэн амархан зайлуулах аргыг зөвлөлөө.
Та ажлынхандаа, удирдах албан тушаалтнууддаа, аль эсвэл хурал цуглаан дээр зайлшгүй илтгэл тавих хэрэгтэй болдог уу?  Тэгвэл илтгэлээ хэрхэн хүмүүсийн анхаарлыг нь татахуйц тавих талаарх мэдээллийг Боловсрол булангаас уншаарай.
Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн дайчин, хөдөлмөрч, авьяаслаг дуучдын нэг болох Бионсэ үнэхээр бие давхар уу? Хол ойрын оддын мэдээ мэдээллийг дуулгадаг Шоубиз булангаас энэ талаарх мэдээллийг уншаарай.
Мөн эрчүүд та бүхэн спортын шинэ сониорхолтой мэдээллээ уншихын сацуу, зөвхөн танд зориулан бэлтгэсэн сонжоо булангаар саатан тухлаарай.
Тайлагдаагүй нууцын оньсыг тайлж, танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдээр аялахаас авахуулаад бяцхан уншигч нартаа зориулсан үлгэр, буддаг зураг, сонжоонд дуртай сонжоочдын зугаа, сканворд, судоку, шидэт зураг гээд Зав гарлаа булан иж бүрнээрээ таныг хүлээж байна.
Мэдээж, долоо хоног тутмын сэтгүүлийн маань салшгүй чухал хэсэг болсон хамгийн олон телевизийн хөтөлбөрийг, оросын сонирхолтой сувгуудийн хөтөлбөрийн хамт нийтэллээ.
Долоо хоног тутмын TV ZONE сэтгүүлээ эвтэй, дулаахан ам бүлийнхээ нэгэн гишүүн болгон таатай хүлээн авсан танд баярлалаа. Сэтгүүлийнхээ хуудас бүрийг тавлан сууж, амтархан уншаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш