logo
Стив Жобсын албан ёсны намтрыг худалдаж эхэллээ

Стив Жобсын албан ёсны намтрыг худалдаж эхэллээ

2011/10/25
АНУ-д Стив Жобсын намтрыг өгүүлсэн номыг худалдаж эхэллээ. Уолтер Айзесконы бичсэн 650 хуудастай уг номын хавтас нь "Apple" компанийг үүсгэн байгуулагчийн хар-цагаан гэрэл зурагтайгаас гадна 35 долларын үнэтэй гэнэ.
    Шинэ ном худалдаанд гарахаас өмнө зохиогч америкийн телевизүүдэд ярилцлага өгсөн байна. "Жобс хувийн амьдралаа бусдаас нуухыг хүсдэг байснаас гадна хорт хавдар туссанаа маш удаан хугацаанд нууцалж байсан бөгөөд эхлээд эмчилгээний арга хэрэглэхээр шийдэж, мэс засал хийхийг зөвшөөрөхгүй байсан" гэж Уолтер ярьжээ.
    Жобсын намтраас үзвэл, түүнд 2003 оны аравдугаар сард маш ховор тохиолддог түрүүн булчирхайн хорт хавдрын онош тогтоосон байна. Харин тэрбээр есөн сарын турш мэс засал хийлгэхээс татгалзаж, уламжлалт анагаах ухаан тухайлбал, цагаан хоол идэж, мацаг барин, эмчилгээний ургамал уухаас гадна мэдрэлийн эмчээс зөвлөгөө авахыг илүүд үздэг байжээ. "Би биедээ мэс хүргэхийг үнэхээр хүсээгүй. Тиймээс би итгэлтэй байхыг хүссэн боловч гэнэт байдал өөрөөр эргэсэн" гэж номыг зохиогч "Apple"-ийг үүсгэн байгуулагчийн үгийг иш татан бичжээ.
    Түүнээс гадна, Жобстой муудалцсаныхаа дараа "Apple"-ийн захирлуудын зөвлөлийг орхиж смартфоны зах зээл дэх гол өрсөлдөгч болох "Google" компанид орсон Эрик Шмиттэй ямар харилцаатай байсан талаар уг номонд маш тодорхой өгүүлсэн байна.
    "Apple" зах зээлд "iPhone" смартфоныг гаргасан бол "Google" андроид үйлдлийн системтэй гар утсыг гаргасан ба Стив Жобс үүнийг нь "алимны логотой пүүсийнх нь зохион бүтээсэн гар утасных нь санааг хулгайлсан" гэж үзэж байжээ. "Хэрвээ шаардлагатай бол би эцсийн мөч хүртлээ тэмцэж, энэ шударга бус байдлыг засахын тулд 40 тэрбум долларыг зарцуулахад бэлэн. Би "Android"-ыг няц дарах болно. Яагаад гэвэл энэ гар утас нь хулгайн бараа юм. Би жинхэнэ ёсоор "цөмийн дайн" зарлахад бэлэн байна" гэж зохиолч домогт шинийг санаачлагчийн үгийг номондоо иш татжээ. Сүүлийн мэдээгээр, Жобс Калифорни муж улсын Пало-Альто хотод Шмиттэй уулзсан бөгөөд "Google"-ийн эсрэг шүүхэд өгсөн гомдлоо татаж авахаас татгалзаж байсан байна.
    "Apple" компанийн тэргүүн байсан Стив Жобс энэ сарын 6-нд 56 насандаа Пало-Альто хот дахь гэртээ нас нөгчсөн билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш