“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийн хоёр дахь шатны илтгэл өчигдөр Төрийн ордны их танхимд боллоо. Ардчилсан намаас ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа буюу эдийн засгийн хувьсгалыг “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд өрнүүлж буй. Үүнтэй холбогдуулан сар бүрийн сүүлийн долоо хоногт цуврал лекц зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн лекцээр УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, “Олон тулгуурт эдийн засаг”, УИХ-ын гишүүн Д.Одхүү “Эдийн Засгийн хөгжлийн бүс” сэдвээр илтгэл тавьсан бол “Orig Oil” ХК-ын захирал Д.Ганзориг "Түлшний этанол агуулсан Эко шатахуун" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдвээр оюутан залуусын дунд зарласан шилдэг илтгэлийн уралдаанд шалгарсан нэг бүтээлийг энэ удаагийнхаа илтгэлд оролцох боломж олгосон аж. Энэхүү боломжийг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 4-р ангийн оюутан н.Тулга хангаж “Эдийн засгийн хувьсгалд залуус бидний оролцоо” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэсэн лекцээр эхэлж ардчилсан хувьсгалын анхдагч, нэрт нийтлэлч Б.Баабар “ХХI зууны улс төр, эдийн засгийн хувьсгал улс орнуудад” илтгэлээр үргэлжлүүлэв. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь эдийн засгийн хувьсгалыг орон нутгаас эхлүүлэх талаар илтгэсэн юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа ч бодит амьдрал дээр иргэдэд наалдсан зүйл ховор. Улс төрийн шинэчлэлт хийх талаар дэлхийд дээгүүрт орсон ч эдийн засгийн шинэчлэлт хоцорч байгааг илтгэгчид хэлж байлаа. Баян ядуугийн ялгаа хэт ихэссэн, үүнийг 22 жилийн өмнө ардчиллыг эхлүүлэгчид огт хүсээгүй. Тиймээс эдийн засгийн хувьсгалыг хийхээс аргагүй боллоо гэцгээж байв.