Их Британийн Хамтын Нөхөрлөийн 16 орны удирдагчид баасан гаригт уулзаж, зөвхөн ууган эрэгтэй хүүхэд хаан ширээг залгамжилдаг байсан олон жилийн уламжлалыг өөрчлөхөөр боллоо. Их Британийн Ерөнхий сайд зөвхөн ууган хүү өв залгамжилдаг байсан уламжлалыг өөрчлөхөөр олон сар чармайсны хүчинд хүссэндээ хүрлээ. Одоо шинэ хуулиар бол эхэнд төрсөн эмэгтэй хүүхэд улсынхаа хатан хаан болж болдог болж байна. Өөрөөр хэлбэл ууган л хүүхэд бол эр, эм хамаагүй хаан ширээ залгах эрхтэй болж байгаа юм байна. Английн хатан хаан Элизабет эмэгтэй хүүхэд хаан ширээ залгаж болно гэж ил тод хэлээгүй ч эмэгтэй хүмүүсийн үүрэг ролийг нэмэгдүүлэх гэж байгааг дэмжсэн утгатай үг хэлсэн юм. Урдны уламжлалаар бол хаан ширээ залгах хүү байхгүй тохиолдолд охин хүүхэд ширээ залгамжилдаг байсан юм. Их Британийн түүхийг үзэх юм бол хатан хаад, эмэгтэй улс төрчид улс орондоо их үүрэг гүйцэтгэж байсан. Одоогийн хатан хаан Елизабет, хатан хаан Виктория, төмөр хатагтай Маргарет Тетчер г.м. Шинэ хууль ханхүү Уилъямын дүү Харрид мөн үйлчлэх юм байна. Жишээ нь хан хүү Харри католик шашинтай эмэгтэйтэй суух нь түүний эрх юм. Хуучин хуулиар католик шашинтай эмэгтэйтэй суусан хааны гэр бүлийн ямар ч гишүүн хаан ширээ залгамжлах эрхгүй болдог байжээ. Хүнийг шашин шүтлэг үндэс угсаагаар нь гадуурхсан хуулийг өөрчилсөн нь хааны гэр бүлийн гишүүдийн хувьд том дэвшил болж байгаа юм. Шинэ хууль гэхдээ Зөвхөн Их Британи бус Хамтын нөхөрлөлийн 16 орны засгийн газрын зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж байхаар заагджээ. Хамтын нөхөрлөлийн орон гэдэгт Их Британийн колони байсан Канад, Австралиас гадна Ази, Африк тивийн 50 гаруй улс багтдаг байна.
Shuum.mn
Shuum.mn