Саудын Арабын Батлан хамгаалахын сайд асан, хааныг залгамжлах ёстой байсан ханхүү Султан хавдар өвчний улмаар нас нөгчсөн билээ. Саудын Арабын хааны удмыг залгамжлах ханхүүгээр Дотоод хэргийн сайд Наеф бин Абдул Азизыг хаан Абдулла баасан гаригт сонголоо. Өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт Наеф Азиз Саудын Арабын хаан болно гэсэн үг юм. Саудын Араб нь газрын тосоор хамгийн баялаг орон, АНУ-ын номер нэг холбоотон, Сунит Арабчуудын гол төлөөлөл, бүс нутагтаа Ираныг сөрж зогсдог нөлөө бүхий улс юм. Тиймээс хэн дараагийн хаан болох гэж байгаа нь олон улсуудын анхаарлын төвд байгаа юм. Наеф Азиз Дотоод хэргийн сайдаар 36 жил ажилласан, Хатуу самар гэдгээрээ алдартай. Түүнийг хүний эрх зөрчих, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ойлголт ч байхгүй хатуу харгис ширүүн нэгэн гэж шинжээчид дүгнэдэг байна. Шашин болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хөдөлгөөний идэвхтнүүдийг хүчээр дарж байсан түүхтэй хүн юм. Саудын Арабад Гэлэг цэцгийн хувьсгал бараг гараагүй гэж хэлж болно. Учир нь Наеф Азиз жагсагчдыг цаг алдалгүй барьж, хорьж телевиз, радиог хяналтандаа авч хурдан арга хэмжээ авсан гэсэн яриа ч байдаг байна. Барууны удирдагчид түүнийг харгис, хатуу, өөрийнхөөрөө, барууны улсуудыг төдийлөн ойшоодоггүй нэгэн гэж дүгнэдэг байна. 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараа Наеф Азиз “Аль-Кайда энэ халдлаыг ганцаараа үйлдсэн гэдэгт эргэлзэж байна. Үүний ард Сионистууд буюу Еврей болон Америкчууд өөрсдөө байсан” гэж мэдэгдэж байсан. Наеф Азиз зөвхөн харгис ширүүн хүч хэрэглэдгээрээ алдартай биш юм байна. Сауди Араб улсын дотор үйл ажиллагаа явуулдаг байсан Аль-Кайда бүлгийг тэрээр хүйс тэмтэрсэн юм. Одоо Аль-Кайда бүлэг Сауди Арабад байхаа больжээ. Терроризмын эсрэг АНУ болон барууны улсуудтай хамтарч тэмцэж байгаа нь түүний ганц авууштай тал гэж шижээчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn