logo
Хэдэн төгрөгөө хөшөө дурсгалд зарцуулах уу, хүүхэд багачуудын төлөө зориулах уу?

Хэдэн төгрөгөө хөшөө дурсгалд зарцуулах уу, хүүхэд багачуудын төлөө зориулах уу?

2011/11/07
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өндөр үнэ өртгөөр бэлгэдэл бүхий хөшөөт цогцолбор боссон тухай сонор мялааж билээ. Гэхдээ цогцолборыг тойрсон эерэг, сөрөг яриа ч гарч байгаа. Өндөр үнэ өртөгтэй гээд байгаа нь хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэлцээд байгаагийнх бололтой. Юутай ч уг цогцолборыг нүдээрээ үзэж харах хэрэгтэй болов. Захын наад талд гурван замын уулзварт өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн төв цэгт өндөөс өндөр цогцолбор сүндэрлэжээ. Дүүргийнхний авгайлснаар “Нарны зам”, “Ургах наран” хороолол, “Энх тайвны өргөн чөлөө”-ний уулзвар гурван замын сүлжээ цэгт уг цогцолбор баригджээ. Цогцолбор гэх энэ өндөрлөг өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдэж байгаа юм гэнэ. Автобусанд суугаад баруун зүүн талаар нь зөрж өнгөрсөн хэн ч хальт нүд хужирлаад өнгөрөх боломжтой юм байна. Харин зорьж очоод үзнэ гэвэл аль ч аль талаасаа нилээдгүй зайтай, явган хүн тийм ч амархан алхаад дэргэд нь очих боломжгүй юм шиг санагдсан. Арга эвийг нь олоод зам хөндлөн гарч алхаад очиж болно, гурван замын уулзвар тул өндөрлөгийн бэлд үелүүлсэн шатан дээр суухаа байг гэхэд гишгээд гарна гэхэд тийм ч амар биш. За яахав, залуус нь машин тэрэгний зай чөлөөг харж байгаад дэгдээд очдог юм аа гэхэд, настан буурлууд таягтай таяггүй “мээцэгнээд” яваад очино гэхэд тун түвэгтэй санагдав. Ер нь ч тэгээд тэнд хэн нэгэн очоод нарлаад сууна гэж таахад бэрх, нэг л сэтгэлд буухгүй байв.
Энэ өндөрлөгийг босгох гэж ихийг бодож, ихээхэн бэлэгдлийг төвлөрүүлсэн нь тодорхой. Танилцуулгаас үзэхэд Баянзүрх хайрханы эзэн сахиус “ар” хэмээх  цагаан арсланг уг өндөрлөгийн орой дээр байрлуулсан юмсанж. Өөрөөр хэлбэл Баянзүрхчүүдийн бахархал болгон залж, гурван цагийн эргэлтэнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморь хөдөлшгүй бат бэх мандан бадарч байхыг бэлгэдэж байгаа ажээ. Зөв зүйтэй сайхан санаа боловч ургах нарны зүг урд хөрш байдаг гээд бодоход бас нэг юм хэлээд байх шиг.
Өндөрлөгийн дэргэд эргэн тойрны 500 м газрыг гэрэлтүүлэх 25 м өндөртэй тавган гэрэлтүүлэг хийсэн гэнэ. Мөн ногоон байгууламж, цэцгийн мандал гээд бүрэн цогцолбор буй болж буй бололтой. Одоо нэгэнт өвлийн сар ургах гэж байгаа юм болохоор ногоон байгууламж, цэцгийн мандлыг зун л  үзэж нүдээн хужирлаж, сэтгэлээ баясгах хэрэг.
Өндөрлөгийн орой дээр залрах арслан 6.0 тоннын жинтэй гэнэ. Суурийг нь 14.7-49.0 метрийн дугуй тойргоор сонгож, үндэсний уламжлалт алхан хээг ногоон гантиг чулуун дээр оюу эрдэнийг төлөөлүүлэн товойлгожээ. Есөн үеэр өрсөн танан цагаан суурин дээр бат бэхийн бэлэгдлийг бодож 4.7 метр өндөр, найман талтай ногоон гантиган багана босгож, үржин төлжихийн бэлгэдлийг бодож номин эрднэсийн бадамлянхуа цэцэг дэлбээлж байгаагаар бүтээжээ. Мөн соёмбын дөл, нар, сарыг оройн дээд шүтээн хэмээн өндөрлөгийн сэнтийд залсан аж. Архирч байгаа асар, басар хоёр нохойг урсгал хоёр замын хоточ болгон сонор соргогийг бэлгэдэн байрлуулсан юм байна. “Ар” хэмээх арсланг хүмүүс янз янзаар хэлж ярьж л байсан Нэг нь арслан биш, нохой байна гэж байхад, нөгөө нь шатрын бэрс л байх чинь билээ гэж байв. 
Цагаан шороо боссон аюулгүйн тойргийн талбай дээр байгуулсан уг цогцолбор хөшөөг зүүн зүгээс нийслэл рүү орж ирэх хүмүүсийн харааг булаасан урлагийн бүтээл болсон гэж үзэж байгаа юм билээ. Түүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хөрөнгө мөнгийг юунд зарцуулах ёстой вэ? гэж бодож үзэх хэрэгтэй байсан болов уу? Хүүхэд багачууд, хойч ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулалт хийсэн бол юу бүтээж болох байсныг хэлүүлтгүй мэдэж, гадарлаж л байгаа. Өндөрлөгийн гүйцэтгэгчээр Хаус контракшин ХХК ажилласан гэнэ. 
Эцэст нь хэдэн бор төгрөгөө хөшөө дурсгалд зарцуулах уу?, хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө зориулах уу? гэж хэлмээр байна.  Ер нь аль ч дүүрэгт босгосон хөшөө дурсгалын тоо олдоно уу? гэхээс цөөдөөгүй байлтай. 

Д.Сэрээтэр
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш