logo
Хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгөхийг хүслээ

Хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгөхийг хүслээ

2011/11/07
Хуулийн байгууллагынхны хүнд суртал, хууль зөрчсөн үйлдлийн улмаас 300 сая төгрөгийн өрөнд унасан хохирогч Ж.Ганбатын ах Э.Шинэхүү өчигдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
    "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" гэгчээр хаана хандахаа мэдэхгүй арга буюу хэвлэлийнхэн та бүхэнд хууль ёсыг гуйвуулан мушгиж, танил тал, найз нөхдийн хүрээгээр шийддэг бүлэг этгээд шүүхийн байгууллагад байгааг хэлэхээр шийдсэнээ иргэн Э.Шинэхүү, түүний өмгөөлөгч Ц.Байгальмаа, Д.Гэрэл нар хэлсээр хурлыг нээсэн юм. Тэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнгөнцэцэг, Ц.Бурмаа, Дархан-Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж нарын хуулийн үндэслэлгүй шийдвэр, УБЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Дархан-Уул аймгийн УБХ-ийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэ нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийг хохироож байгаад гомдолтой байна гэлээ.     Хохирогч Ж.Ганбатын ах Э.Шинэхүү, "Миний дүү Ж.Ганбат ах дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 3-р багт байрлах үйлдвэрийг өмчлөгч Ц.Нарантуяа болон түүний хүүхдүүдээс 2007 онд худалдан өмчлөх эрхийн гэрчилгээ авч, банкинд барьцаалсан юм. Тус үйлдвэрийн анхны эзэн талийгаач З.Мөнхбатын эхнэр нь  Ц.Нарантуяа юм. Дүү маань үйлдвэрийг аваад Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээс Монгол шуудан банкны /одоогийн Хадгаламж банктай нэгдсэн/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үйлдвэрээр хангуулахаар шийдвэр гаргуулж битүүмжилсэн. Одоог хүртэл энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Гэтэл 2010 онд З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа болон түүний нөхөр Г.Мөнхнайрамдал нар талийгаач ахынхаа үйлдвэрийг хуурамч бичиг баримт ашиглан, өөрсдийн нэр дээр болгосон шийдвэрийг шүүхээр гаргуулсан. Тэд энэ шийдвэрийг гаргахдаа Монгол шуудан болон түүний хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байгааг үл харгалзан шийдвэрлэсэн. З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын ашигласан хуурамч бичиг баримтан дээрх тамга тэмдэг нь Монгол Улсын албан ёсоор огт хийгдээгүй болох нь тогтоогдсон, мөн гарын үсэг нь талийгаач З.Мөнхбатынх биш, харин З.Мөнхтуяагийнх байсан.  Дархан–Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнгөнцэцэг, Ц.Бурмаа нар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй байна" гэв.
    Мөн өмгөөлөгч Ц.Байгальмаа "Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрх олгосон шүүхийн шийдвэр нь хуурамч бичиг баримт, хууль бус бүртгэлийн ажиллагааг үндэслэсэн байсныг мэдээд, хохирогч Ж.Ганбат болон талийгаач З.Мөнхбатын эхнэр Нарантуяа нар нь эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргасан боловч Дархан–Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Бурмаа  нар нь энэ асуудлыг шалгахаас татгалзсан шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрээ хяналтын прокурорууд нь Ц.Нарантуяад холбогдох хэргийг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосонтой холбож тайлбарласан юм. Илэрхий хуурамч бичиг баримт үйлдсэн нотлох баримт байсаар байхад харсаар байтал эрүүгийн хэрэг үүсгэх сонирхолгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх, хуулийн байгууллага маань нэг хүнд үйлчлээд байна гэж ойлгож болно. Үүнд жирийн иргэд хохирч байна. Өнөөдөр тайван, үнэнч шударгаар ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон. Улсын Ерөнхий прокурор анхааралдаа авахыг хүсье". гэлээ.
    Түүнчлэн  З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын хууль бус үйлдлийн хохирогч нь дан ганц Ж.Ганбатаар тогтохгүй өөр хэд хэдэн хохирогчид байгааг ч тэд хэлж байв.
Д.Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш