logo
Парламентаас гадуурх нам, хүчнүүдийн саналын 13 нь дэмжигдсэн гэв

Парламентаас гадуурх нам, хүчнүүдийн саналын 13 нь дэмжигдсэн гэв

2011/11/21
УИХ-ын Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн гишүүд парламентаас гадуурх нам, иргэний хөдөлгөөний төлөөлөлтэй уулзаж, Сонгуулийн хуульд нэмэрлэхээр өгсөн саналуудын талаарх байр суурийг нь сонслоо.
УИХ-ын дэд дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, дэд дарга Г.Батхүү, гишүүн З.Энхболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, З.Алтай, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар нар, парламентаас гадуурх улс төрийн нам, хүчнүүдээс МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Ардчилсан хөдөлгөөний намын дарга Б.Оюунаа, Улс төр, стратеги судлалын хүрээлэнгийн тэргүүн Л.Эрдэнэтуул, АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, Үндэсний Хас хөдөлгөөний Б.Нанжид, Миний Монголын газар шороо хөдөлгөөний Л.Болд, Либерал намаас Б.Эрдэнэчимэг нар уулзалтад оролцсон юм. Сонгуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд парламентаас гадуурх улс төрийн нам хүчнүүдээс өгсөн 32 саналаас 13 нь дэмжигдсэн байгааг дуулгалаа. Сонгуулийн тогтолцоо, улс төрийн шийдэл гаргах цөөн хэдэн заалтаас бусдыг эцсийн хэлэлцүүлэгт оруулан гишүүд дэмжээд байгааг Н.Энхболд гишүүн тайлбарлалаа.
Үүний дараа парламентаас гадуурх нам, хүчнүүдийн төлөөлөл өргөн барьсан саналынхаа талаар тайлбар хийв. Тухайлбал, МҮАН-ын дэд дарга Л.Цогтгэрэл сонгуулийг цэвэр пропорциональ тогтолцоогоор явуулах, Монгол Улсыг нэг тойрог болгон 76 мандатаар санал хураах санал хэлэв. Ингэснээр будилаан үүсэхгүй бөгөөд одоогийн 48:28 гэсэн тогтолцоог сонгогч бүү хэл гишүүд өөрсдөө ойлгохгүй байгаа гэв.
Мөн итгэл даахуйц СЕХ байгуулах хэрэгтэй. Өнөөдрийн бүтцээр явбал хамтарсан Засгийн газарт орсон хоёр нам нэг субьект тул хяналт тавьж чадахгүй гэж байв. Мөн нэр дэвшигчдийг нэг гараанаас эхлүүлэх, УИХ, Засгийн газрын гишүүд албанаасаа түдгэлзэж бусад нэр дэвшигчтэй ижил зурхайнаас уралдах ёстой гэсэн юм. Гадаадын зарим оронд сонгуулийн үеэр түр Засгийн газар байгуулдаг аж. Хэвлэл мэдээллийн байгууллагыг эрх чөлөөгөөр хангах, хэвлэлүүд ч эх оронч байр сууринаас сонгуульд хандах хэрэгтэй гэлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог Сонгуулийн хуулийг хоёрхон нам хийж таарахгүй гэсэн бол АНАТХ-ний Г.Уянга СЕХ-г шударга бүрэлдэхүүнтэй болгох, УИХ-ын гишүүд сонгогчдодоо хүлээн зөвшөөрөгдсөн байх, сонгуулийн дараа долдугаар сарын 1-нийг давтагдахгүй байх зэрэг санал илэрхийлэв.

Миний Монголын газар шороо хөдөлгөөний Л.Болд Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө хоёроос гурван сарын хугацаанд багтаагаад ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гээд хэрэв Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг явуулах хугацаа бага үлдсэн бол УИХ-ын 2012 оны сонгуулийг зургаан сараар ухраагаад санал асуулга хийх хэрэгтэй зэрэг санал оруулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш