logo
Өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгүүд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна гэлээ

Өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгүүд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна гэлээ

2011/11/23
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийлээ. 
“2011-2012 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 206 сургууль, 308 цэцэрлэг, албан бус боловсролын Гэгээрэл хөгжлийн 8 төв үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ерөнхий боловсролын сургуульд 186,704 сурагч, цэцэрлэгт 59,711 хүүхэдявж байгаа юм байна. Нийт 11,0 мянга гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 9,0 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байгаа гэнэ.
Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 111 сургуульд 134 барилга байгууламж ашиглаж байгаа бөгөөд ЕБС-ийн хичээлийн байр 105600 сурагчийн суудлын хүчин чадалтай байна. Мөн олон жилийн ашиглалтын улмаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан 18 сургуулийн барилга байгууламж байгаа ажээ. Эдгээр барилгуудаас 2011 онд БЗД-ийн 92, БГД-ийн 22, 70-р сургуулиудын барилгыг буулгаж шинээр сургуулийн барилга барьж эхэлсэн бол газар хөдлөлтийн норм шаардлагыг хангахгүй байгаа 30 сургуулийн барилга байна гэсэн дүгнэлт гарсан байна.
2011 онд нийт 26 /сургуулийн 9, цэцэрлэгийн 12, Хабитатын сангийн төслөөр 4 цэцэрлэг, багшийн хөгжлийн ордон/ барилгыг ашиглалтад хүлээн авах гэнэ. 2009-2011 онуудад ерөнхий боловсролын сургуулиудад 4 спорт заалны барилга баригджээ.
Дээрх мэдээллийн дараа огт цэцэрлэггүй сум, дүүрэг, хороодод эхний ээлжинд анхаарал хандуулж, дорвитой хөрөнгө оруулалт хийх талаар судалгаа хийж, Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллах нь зүйтэй гэж гишүүд үзлээ. Мөн хувийн хэвшлийн болон "гэр" цэцэрлэгийг дэмжих хэрэгтэйг хэлж байсан юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгад цаашид ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихаад байхад үйл ажиллагаа явуулж байгаа хариуцлагыг хэн хүлээх ёстой талаар ч хөндлөө. Өнөөдөр хэт өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэг олширч, ямар ч хараа хяналтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаад дүгнэлт хийж, цэгцлэх цаг болсон тухай ярьж байлаа.
18.000 ам.долларын сургууль, 5 мянган ам.долларын цэцэрлэгүүд байна. Энэ их төлбөр шаардсан сургууль, цэцэрлэгүүд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа гэдгийг гишүүд хэлж байв. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтад төр анхаарал хандуулж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон цэцэрлэг, сургуулийн барилгыг нураан дахин шинээр барилга барих асуудалд төр анхаарал хандуулж уг асуудлыг  УИХ-ын тогтоолоор хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргав.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш