logo
Колумбын загвар өмсөгч торны цаана сууж байна

Колумбын загвар өмсөгч торны цаана сууж байна

2011/11/27
Колумбын дундаж давхаагын гэр бүлд төрж, өссөн загвар өмсөгч Энжи Санклементе 2000 онд 21 насандаа Колумбын “Мисс” болсон. Дэлхийн загварын ертөнцөд хөл тавих мөрөөдлөө биелүүлж байсан сайхан бүсгүйн мөрөөдөл 2010 онд хар дарсан зүүд болж хувирсан юм. Алдарт загвар өмсөгч Энжи Санклементе Валенсия хар тамхи наймаалсан хэргээр 2010 оны 5 сард баривчлагдаж, торны цаана суух болсон юм. Шоронд суугаад жил 7 сар өнгөрсөн ч загвар өмсөгч бүсгүй түүнийг хилсдүүлсэн гэж үзсээр байгаа юм. Түүнийг баривчлагдсанаас хойш Колумбын мисс бус харин хар тамхины хатан хаан гэдэг нэр өгөх болсон юм. Тэрээр Мексикийн хар тамхины бүлэгтэй холбогдож, 55 кг кокэйн хууль бусаар Аргентинаас Европ руу гаргах гэж байгаад саатуулагдсан юм. 2009 онд түүний бүлэгт ажилладаг нэгэн загвар өмсөгч эмэгтэй хар тамхи хилээр авч гарах гэж байгаад баригдсанаас хойш цагдаа нар Энжиг сэжиглэж эхэлсэн байна. 2010 онд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байж барьжээ. Энжи Санклементе загвар өмсөгч сайхан бүгүйчүүдийг доороо ажиллуулан Өмнөд Америкаас Европ руу хар тамхи зөөдөг байжээ. Нэг эмэгтэй хар тамхи хил гаргасныхаа төлөө 5000 орчим доллар хүртдэг байжээ. Энжитэй хамт түүний найз залуу, авга ах болон бүлгийн бусад гишүүдийг нь баривчилсан байна. Өнгөрсөн онд анх баривчлагдахдаа буруугүй гэдгээ батлана гэж мэдэгдэж байсан ч түүний гэм буруутай нь маш олон нотлох баримтаар батлагдан торны цаана суусан юм. Сайхан бүсгүй 2010 онд 31 настай байхдаа баривчлагдаж, хар тамхины хэргээр 6 жилийн ял сонссон. 37 настай болсон хойноо шоронгоос гарч ирнэ гэхээр түүний дэлхийн алдартай загвар өмсөгч болох мөрөөдөл, карьер нь талаар өнгөрч, хэдэн хар цааснаас болж, мөрөөдлөө замхруулсан нэгэн болсон байна. Энжи Санклементе хийсэн үйлдэлдээ харамсаад ч бардаггүй гэнэ.
 Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш