logo
“Ангираа”-дах жор

“Ангираа”-дах жор

2011/11/29
Монголын рок попын ертөнцөд продюссер гэдэг мэргэжил нэн чухалд тооцогдох болж. Гэсэн ч гарын таван хуруунд ч хүрэхгүй продюссерууд чамбай ажиллаж байгаа нь чамлалтай ч юм шиг. Үнэндээ загалмайлсан эцгээр Б.Долгион, эхээр Б.Ангирмааг гээд хэлчихэд буруудах нягуургүй аж. Хөгжмийн зохиолч Б.Долгион анх “Уруулын будаг” хамтлагийг продюссерлон гаргаж ирж байлаа. Тус хамтлаг Пентатоник академийн шагнал хүртэж, чамгүй амжилт гаргаж, олон хит дуутай болж байсан. Энэ цаг хугацаанд Продюссер Чинбаа “Эмоушн” хамтлагийг зүтгүүлж, багагүй ололттой байсан ч Америк дагуулж яваад долоон жилийг “нам гүм” дарчихаад буцаан авчирч тоглолт хийлгэлээ. Тэгээд нэг их ч явсангүй. Түүнээс хойш Чугу студи Татар, Desire хамтлагийг гаргаж ирэх гэж оролдсон бөгөөд охидын хамтлаг нь гурван дуу хийгээд замхарч, Татар нь нэг хэсэгтээ бужигнуулж байгаад тараад дууссан. “Камертон”-ы Д.Болд Маралжингоо, Агиймаа, Эгшиглэн гэх дуучдыг, “Шоо” гэдэг хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх гэж нэлээд ажилласан ч тэгсгээд намжсан. Одоо зармынх нь сураг алдарч, зарим нэг нь бор зүрхээрээ зүтгэж явна.   “Сүнс”-ийн Лахагваа “Мах family”-г гаргаж ирсэн ч уран бүтээлчид нь одоогоор гоц гойд хийсэн зүйлгүй л байна. Сүүлийн үед “Харанга”-ын Чука 25-р суваг телевизтэй хамтран “Making the band” шоугаар “Animone” гэх “модон” охидыг танилцуулсан ч нэг л явахгүй нь бололтой. Араас нь дуучин Алтаа  тус 25-р суваг телезийн шоутай хамтран “Extacy” хамтлагийг бүрдүүлэн гаргаж ирдэг дээрээ тултал ганц клипний ард гараад л салсан сарнисан дээрээ тулаад байна. Хэр хол явахыг цаг хугацаа шүүнэ. Мөн түүнчлэн  “Ньюанс” хамтлаг шинэ гурван охин хамтлагийг гаргаж ирэх гэж байгаагаа тунхаглаад амжсан. Гэх мэтчлэн шинэхэн продюссерууд хамтлаг дуучидтайгаа мэндлээд л байна. Юунд хүргэж, рок попын хөгжилд хэрхэн ахиц авчрахыг таахад бэрх аж. Харин Б.Ангирмаагийн хувьд анх Сэрчмаагийн замыг зааж, поп дева болох гарааг нь тавьж өгч байлаа.  “Киви”-гийн охидыг ногооноороо байхад өөд татаж, өнөөдрийн өндөрлөг аваачиж, нэр хүндтэй, амжилттай, үнэ цэнэтэй хамтлаг болгож чадсан гавьяатай. Түүнийг хахир хатуу гэдэг ч хамтлагийн оршин тогтнох хэм хэмжээг барьж байсны хүчинд эдгээр охид таван насны төрсөн өдрөө хийсэн байж таарна. Үүнээс харахад продюссер гэдэг ажлыг дуулдаг, аялдаг бүхэн хийчихдэггүй л юм байна. Нарийн мэдрэмж, өндөр зохион байгуулалттай, хатуу сахилга баттай байж аливаад амжилт авчирдаг гэдгийг хатагтай Б.Ангирмаа харуулж, нэг ёсны жишиг тогтоожээ. Тиймээс “Ангираа”-дах сонирхолтой бол эхлээд чанд хатуу сахилга батыг хэрхэн бий болгодгийг түүнээс асууж сурвал таарах аж.
Ш.Булга
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш